Усны нөөц, түүний ашиглалтын асуудал дэлхий дахины асуудал боллоо. 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд хур бороо татрах үе явагдаж дэлхийн уур амьсгалын дулаарал ихээр мэдэгдэхийг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар ирсэн. Усны хомсдол бүхий говийн бүсийн гадаргын усыг хуримлуулан дамжуулах төсөл ажлуудыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа гүний усыг ашиглахыг хориглох, гадаргын усны хэрэглээг 67 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай. Нэн ялангуяа уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймагт усны асуудал хурцаар тавигдаж буй. Иймд тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан хэрэгжүүлж буй "Нутгийн хишиг" болон "Говь+Ус" хөтөлбөрүүдийн хүрээнд ус хуримтлуулах хөв цөөрмүүдийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай барьж байгуулан, бүрэн ашиглалтад оруулж байна.
Тодруулбал, Даланзадгад суманд байрлах Далангийн голд байгуулсан шинэ цөөрөм, Баяндалай сумын төвийн өмнөд хэсэг, Сэврэй сумын нутаг Ар булагт 7500 метр куб үерийн болон булгийн ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрмүүдийг ашиглалтад оруулжээ.
Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрмийг олноор байгуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзсэн. Цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг сүүлийн жилүүдэд сэргээн хэрэглэж эхэлсэн нь ач холбогдол ихтэй юм.
Нэг үгээр, байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан, мал аж ахуй, амралт зугаалгын зориулалтаар ашиглах нь эдийн засгийн хэмнэлттэй.
2023 онд Өмнөговь аймгийн Ханхонгор, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нэмж 4 хөв цөөрөм байгуулах төсөл амжилттай хэрэгжжээ.
Мөн "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд булгийн эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг үе шаттай хийж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Булган сумын Нүцгэний булагийн эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулсан байна.
Нүцгэний булгийн эх ундаргыг хашиж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулснаар усны ундарга нь эрс нэмэгдэж, цөөрөм, тогтоол ус бий болж, ургамлын зүйл сэргэж ялангуяа урьд нь байгаагүй ипполитийн зэгс ургаж эхэлсэн бөгөөд марцны шил өвс, ширэг улалж, гялгар дэрс, багваахай өтгөрөн ургаж усны шувуудын намрын нүүдлийн түрүүч цагаан сүүлт хөгчүү, одой элсэг, шөвгөн хараалж зэрэг шувууд ирсэнийг мэргэжилтнүүд онцлон хэллээ.