УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоож, нийтэд мэдээлэх ёстой. Ингэхдээ үүнийг тогтоох аргачлалыг төрийн аудитын дээд байгууллагын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална. Үүний дагуу Үндэсний аудитын газраас сонгуулийн төв байгууллагад саналаа хүргүүлжээ.
Уг нь өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “... эл аргачлал сонгуулийн зардлыг бууруулахад чиглэнэ” гэж тусгаж, мөнгөний хамаарлыг багасгахыг зорьж буйгаа шийдвэр гаргагчид хэлж байв.
Тухайлбал, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилийн өдийд “Шилэн нам” хуралд оролцохдоо “Хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг, нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрх зүйн орчин бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой” хэмээн мэдэгдсэнийг сануулъя. Үнэхээр ч сонгуулиас сонгуульд зардал нэмэгдсээр ирсэн байдаг. Сурталчилгааны хугацаа богиносох тусам зарцуулах хөрөнгийн хэмжээг ихэсгэж ирсэн юм. Гэвч энэ удаа зардлын дээд хэмжээг тогтооход харгалзан үздэг гол хүчин зүйлс болох сонгуулийн нутаг дэвсгэр, байршил, өрхийн болон сонгогчийн тоог өмнөхөөс хавьгүй өсгөчихсөн. Эрх баригчид бүсчлэх нэрээр манай сонгуулийн түүхэнд байгаагүй том тойргуудыг байгуулчхаад буй. Ийм тохиолдолд зардлыг бодитой тооцож, бууруулж чадах уу.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоосон нь 2016 оныхоос бараг хоёр дахин өндөр дүн юм. Үүний сацуу нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг ч өсгөсөн юм. 2016 оны сонгуулийг 76 жижиг тойрогт зохион байгуулсан. Харин 2020 онд томсгосон 29 тойрогт явуулахаар шийдвэрлэж, хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээ хийгээд сонгогчийн тоо нэмэгдсэн учраас зардлыг нь өсгөсөн гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл энэ удаа бүр томсгож, орон нутагт долоо, нийслэл Улаанбаатарт зургаа буюу нийт 13 тойрог байгуулсан нь зардлыг өсгөх шалтаг болох вий. Жишээ нь, 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэг нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг 286 сая төгрөгөөр тогтоосныг 2020 онд 563.8 сая болгон, бараг хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн Чингэлтэйнх 302 сая байсныг 586.2, Баянголынх 346 сая байсныг 775.5 сая болгон өсгөж тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, тойргийг томруулсан нэрээр нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил нь хэвээрээ, сонгогчийн тоо нь тэгтлээ өөрчлөгдөөгүй газарт өрсөлдөх хүмүүсийн зардлыг ч нэмчихэж байгаа юм. Энэ удаа бүсчилсэн тойрог байгуулсан гэж байгаа ч Баян-Өлгий аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн мандатыг өөрчлөөгүй.
Ер нь тойрог, зардлын дээд хэмжээ хоёр нэмэгдэхийн хэрээр нэр дэвшигч, улс төрчдөөс тухайн тойрогт цацах хөрөнгө хамаагүй өсөхөөр байгаа нь сүүлчийн хоёр сонгуулиас харагддаг. Сонгинохайрхан дүүргээр жишээ авъя. 2016 онд тус дүүргийг зургаан жижиг тойрог болгож, УИХ-д зургаан гишүүн сонгосон. Тухайн үед нэг нэр дэвшигчид зөвшөөрсөн зардлын хэмжээ 341 сая төгрөг байж. Энэ нь нэг намаас зургаан хүн нэр дэвшлээ гэхэд тэд нийлээд зарцуулах мөнгө нь хоёр тэрбум гаруй төгрөгөөс хэтрэхгүй гэсэн үг. Харин 2020 онд тус дүүргийг хоёр тойрог болгон таван гишүүн сонгосон. Зардлын таазыг 597.5 сая болгон нэмэгдүүлсэн учраас нэг намаас Сонгинохайрханд таван хүн өрсөлдлөө гэхэд нийлээд бараг гурван тэрбум төгрөг зарцуулж болохыг зөвшөөрчхөж буй хэрэг. Үүнийг нийт нэр дэвшигчээр нь тооцвол энэ дүн нэлээд өснө. Өнгөрсөн сонгуулиудын тайлангаас харвал АН, МАН тэргүүтэй “том” гэгддэг намуудын нэр дэвшигчид зардлын дээд хэмжээнд тултал нь санхүүжилт гаргаж ирсэн байдаг. Мандат нь цөөрсөн ч тэдний зарцуулах нийт санхүүжилт өссөөр байна.
Уг нь Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа зардлыг бараг 50 хувиар бууруулах зохицуулалт тусгасан гэдгийг хэлж байсан юм. Үүний дагуу бүгдийг нь биш ч зарим дэвшилт заалтыг уг хуульд оруулаад буй. Тухайлбал, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болохоор өөрчилсөн. Өмнө нь нэг хэсэгт дөрвөөс илүүгүйг ашиглахыг зөвшөөрч байв. Гэхдээ 3-4 аймгийг нэгтгэж, нэг тойрог болгочихсон учраас хамаарах хэсгийн хороодын тоо нэмэгдэж, тэр хэрээр илүү олон тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөл үүсчхээд буй. Мөнгөтэй зарим нь нисдэг тэрэг хөлөглөнө гэж ярьж байгаа шүү дээ. Улмаар түлш, шатахууны зардал ч нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээг багасгасан. Өмнө нь тус бүр гурван хэвлэлийн хуудас сонин, сэтгүүл хэвлэж тараадаг байсныг хоёр, хоёр болгоод буй. Бас л нэг биш, гурав, дөрвөн аймгийн сонгогчдод сонин, сэтгүүлээ тараах учраас энэ төрлийн зардал буурах нь битгий хэл, үлэмж өсөж ч мэдэхээр байна. Үүнээс гадна тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг нэгдсэн самбарт зэрэгцүүлэн байршуулахаар хуульчилсан. Хэн мөнгөтэй нь сурталчилгаагаа хамгийн томоор, хамгийн эрэлттэй цэгт, хамгийн удаан байршуулдаг байсныг халж, сая нэг юм Өмнөд Солонгос, Япон шиг цэгцлэх нь үү гэтэл үгүй бололтой. Сонгогчийн тоонд үндэслэн сумд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулахаар заасан ч олон тоогоор хэвлэх зардал нь нэр дэвшигчээс л гарах юм. Түүнчлэн нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болохоор өөрчилсөн. Өмнө нь 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах зохицуулалт үйлчилж байв. Гэвч одоо нэг бус, нэлээд хэдэн аймагт өөрийгөө таниулж, ухуулахын тулд тэр хэмжээгээр олон хүн ажиллуулах шаардлага тулгарах нь. Мөн2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээ өссөн шалтгааныг тухайн үед эрх бүхий байгууллагын зүгээс цахим орчинд сурталчилгаа хийх болсонтой холбон тайлбарлаж байв. Өнгөрсөн сонгуулиудын хувьд мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах, нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, бичиг хэрэг, шуудан холбоо, унааны болон томилолт, хөлс, урамшуулал зэрэгт хамаг мөнгөө зарцуулж ирсэн байдаг. Энэ удаа цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардлыг тойрогт нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан юм.
Нөгөө талаас Үндэсний аудитын газар сонгуулийн сурталчилгааны үеийн зах зээлийн хөөсөрсөн үнэд тулгуурлан зардлын дээд хэмжээг тогтоож ирснийг судлаачид хэлдэг. Тухайн сонгуулийн жилд зах зээлийн үнийн ханшаар зардлуудыг тогтоодог гэдэг ч бодитой бус байдгийг иргэний нийгмийнхэн үргэлж шүүмжилдэг билээ. Өнгөрсөн сонгуулийг хүртэл тус байгууллагад зардлын дээд хэмжээг тогтооход баримтлах бодлого, аргачлал байгаагүй. Тус байгууллагынхан сонгуулийн зардлын асуудлаар намуудтай зөвшилцөж байж дээд хэмжээг тогтоож буйгаа ч хэлж байв. Цаашлаад тэдний тогтоосон хэмжээг намууд хэтрүүлж байгааг хянах боломжгүй. Нам, нэр дэвшигчдээс зардлын тайланг нь авсан, нөгөөдүүл нь өгсөн болж нүд хуурдаг нь нууц биш.