Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо болов. Хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Беларусын талаас тус улсын Аж үйлдвэрийн сайд А.Н.Рогожник нар даргалжээ.
Комиссын хуралдаанд Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй тус яамны төлөөлөл, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 32 төлөөлөгч оролцлоо.
Комиссын хуралдаанаар хоёр орны улс төр, эдийн засгийн өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дүгнэн ярилцаж, цаашид хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, зам тээвэр, дэд бүтэц, онцгой байдлын салбарт өргөжүүлэн бэхжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, харилцан туршлага солилцох, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгджээ. Хуралдаанаар ярилцаж, тохиролцсон асуудлыг протоколд тусгаж, батлан мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хоёр талаас идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.
Хуралдааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 2024 оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Беларусь Улсад ажлын айлчлал хийж, Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Бартош Сергей Ивановичтай хоёр талын уулзалт хийн хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуй яам хоорондын ажлын хэсгийн гуравдугаар хуралдааны Протокол, Шилмэл үүлдрийн малын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн корпорац” Төрийн өмчит компани, БНБУ-ын шилмэл үүлдрийн малын улсын нэгдэл “Белплемживобъединение” хоорондын хэлэлцээрт тус тус гарын үсэг зуржээ.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй БШУЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангийн төлөөлөгчид мөн өдрүүдэд Беларусь Улсад ажлын айлчлал хийж, 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулав.
Хуралдааныг монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, беларусын талаас Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Т.Г.Столярова нар удирдаж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, ХААИС-ын захирал Б.Баасансүх, Беларусын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо, Беларусын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо, Беларусын Үндэсний шинжлэх ухааны академи, Суурь судалгааны хүрээлэн болон албаны бусад төлөөлөгчид оролцов.