АН-ын ээлжит “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Н.Одонгуа нар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон ослын дараа нийслэлийн ИТХ яаралтай хуралдаж, гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө батлах, шинэчлэх ёстой. Гэвч өчигдөр болох байсан хуралдааныг хойшлуулсныг Ц.Баатархүү шүүмжилж, “Нийслэлийн ИТХ Засаг даргадаа хяналт тавих үүрэгтэй. Гэтэл 45 төлөөлөгч нь нийслэлийн агентлагуудад ажилладаг учраас хотын захирагчид хяналт тавьж чадахаа больсон. Үүнээс болж нийслэлийн эрсдэлийн түвшин улам бүр нэмэгдэж байна. Тиймээс яаралтай хурлаа хийж, уг асуудлыг хэлэлц” гэлээ. Мөн гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэгтэй УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улс гамшигт бэлэн, эсэхийг хэлэлцэх шаардлага хүргүүлж буй аж.
Тус намын гишүүн Н.Одонгуа “Осол болсон газар, орчинд хийн дэгдэлт хэр зэрэг, хор нөлөө ямар байгааг тогтоож, иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ёстой. Гэвч дэгдэмхий бодисыг хэмжих багаж манайд байхгүй. Тэр хавьд амьдардаг иргэдэд хордлогын шинж илэрч байж болзошгүй. Амны хаалт зүүж яваарай. Энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна” гэв. О.Чулуунбилэг “Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн 63 дугаар анги 2023 оны шилдэг ангиар шалгарсан юм билээ. Энэ ангийг Г.Ариунбуян хурандаагийн туслах байсан М.Пүрэвжав гэдэг дэд хурандаа удирддаг. Шилдэг анги юм бол яагаад аврагчдаа алдаад байна вэ. Хэлж биш, хийсэж ирсэн гамшиг гэж Г.Ариунбуян хурандаа ярьсан. Ийм гамшгаас сэргийлж, аврагчдаа хамгаалах нь энэ хүний ажил биз дээ. Журмаа унш, мэргэжлийн ажлаа хий. ОБЕГ-ын хамгийн өндөр цалинг энэ хүн авдаг. Гэтэл аврагчдын цалин нэг сая төгрөг байна. Энэ шударга ёс уу. Г.Ариунбуян хурандааг огцруулах ёстой. Гэвч түүний оронд ахин нэг цэргийн хүн томилогдож, хурандаа болоод буцна, аврагчдын хангамж, нөхцөл дээрдэхгүй. Тиймээс тогтолцоог өөрчлөх ёстой” гэсэн юм. ОБЕГ-ын жилийн төсөв боломжийн байдаг атал аврагчдын тоног төхөөрөмжийг сайжруулдаггүй, тиймээс дундаас нь хэн нэгэн эрх мэдэлтэн “иддэг”, эсэхэд Үндэсний аудитын газар хяналт тавьж, ажлаа хийх ёстой гэж тэд мэдэгдсэн. Ийм нөхцөлд шуурхай удирдлагаар хангаж ажиллах Шадар сайд С.Амарсайханыг ч мөн огцруулж, хариуцлага тооцохыг шаардлаа.
Бэлтгэсэн С.Уул