Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УОК болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, Баянзүрх дүүргийн нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт гарсан осол, түүнээс үүдсэн хохирлыг барагдуулах талаар тодорхой шийдвэрүүд гаргасан аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Юуны өмнө ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван аврагчийн ар гэрт мөнгөн тусламж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр олгож, төсвийг нийслэлийн ЗДТГ-аас гаргах нь. Мөн уг ослын үеэр түлэгдэж, гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн эмчилгээний болон галд өртсөн 60 айлын орон сууцыг засварлах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Нийт 1.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах гэнэ. Орон сууцыг засаж дуустал дээрх айлын 198 хүний амьдрах түрээсийн байрны зардлыг нийслэлийн ЗДТГ-аас шийдэх аж. Мөн олон иргэний машин шатсаны хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх гэнэ. Буруутай этгээд нь“Дашваанжил” компани мөн, эсэхийг шалгаж байгааг дуулгав.
Шадар сайд С.Амарсайхан “Хий тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан. Мөн хийг аюулгүй тээвэрлэх зориулалтын машин байсан уу, энэ стандартаа хангасан уу. Нэг машинтай шүргэлцэх төдийд хийн хоолой, цорго нь задардаг уу гэх мэтээр хуулийн байгууллага шалгаж байна. Осол, гэмтлийн дараа асуудалд нэг удаа гал унтраах байдлаар хандаж, бие биеэ газар дор ортол шүүмжлээд, маргааш нь мартдаг байж болохгүй. Стандартыг бүх шатанд мөрдүүлж, шаардлага хангаагүй дүрэм журмаа өөрчилнө. Үүнд бүх салбарын инженер техникийн ажилтан, судлаач, эрдэмтнийг оролцохыг урьж байна. Шаардлагатай бол олон улсаас зөвлөгөө авна” гэв. Хуулийн байгууллагаас Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийхдээ газ тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байсныг онцолсныг Шадар сайд дахин сануулсан. Мөн тэрбээр “Хяналтаа сайжруулж, дүрэм журмаа бүх шатанд мөрдөж, тогтолцоогоо өөрчлөхгүй бол өнөөдөр хэн ч байсан асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн юм. Салбар хариуцсан сайдын хувьд түүнийг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэсэн сөрөг хүчин, зарим иргэний байр суурьд ийм хариу өгч буй бололтой.
ОБЕГ-ын алба хаагчдын хувцас, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хангамж, төсвийн талаарх асуултад тус байгууллагын дарга Г.Ариунбуян “Энэ онд манай байгууллагад 15 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Мөн урсгал зардалд 35.7 тэрбум төгрөг суулгасан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч бүх алба хаагчийг иж бүрэн хамгаалах хэрэгсэл, хувцсаар хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай. Нэг жилийн төсвийн 10-20 хувийг хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж сайжруулахад, үлдсэнийг нь урсгал зардалд зарцуулдаг” гэв. Шадар сайд үүн дээр нэмээд “Төр энэ салбараа хаячихсан юм биш. Тодорхой хэмжээнд санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. 20 жилийн өмнөхийг бодвол гурван нисдэг тэрэгтэй боллоо. Гэвч хувцас мууддаг, техник элэгддэг учраас жил бүр хөрөнгө оруулах шаардлагатай байдаг. Онцгой байдал, цэрэг цагдаа, эрүүл мэндийн салбараас хөрөнгө татаж болохгүй” гэлээ.
Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан түр хороо байгуулах чиглэл өгчээ. Энэ талаар Б.Энхбаяр сайд “Ийм осол давтагдах эрсдэл өндөр. Улаанбаатар шиг хот дундуураа аюултай ачааг машинаар, төмөр замаар тээвэрлэдэг газар үгүй. Мөн орон сууцуудыг шахаж барьсан. Асуудлыг шийдэх тойрог зам барих гэхээр газар чөлөөлөх гэдэг том бэрхшээл тулгардаг. Улаанбаатар “дарьтай торх” шиг болж хувирсан. Агаарын бохирдол, нийтийн тээвэртэй холбоотой энэ бүх асуудал сүүлийн 20 жилд үүссэн авлигатай холбогддог. Хэн ч гарч ирсэн асуудлыг шийдэж чадахааргүй түвшинд хүрчихсэн байна. Тиймээс зөвхөн Засгийн газар биш, УИХ-тай хамтраад газар олголт, нийтийн тээвэр, авлигын асуудлаар нотлох баримтыг шалгах түр хороо байгуулах нь зөв гэж үзсэн. Ээлжит бус чуулганыг удахгүй товлох байх, энэ үеэр түр хороо байгуулах асуудлаа оруулна” гэлээ.