Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын (FSS) тэргүүн дэд дарга И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Пак Симүн нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр хоёр тал хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцохоос гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэг, ялангуяа шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг дээрх төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Ташрамд дурдахад, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохицуулалтын бүх салбарт нэвтрүүлэхээр “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг” баталсан бөгөөд цаашид эл чиглэлээр туршлага солилцох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. СЗХ дээрх байгууллагатай 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Санхүүгийн хянан шалгагчдын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд тус хорооны хянан шалгагчдыг чадавхжуулах сургалтууд зохион байгуулсан бөгөөд үүнийг үргэлжлүүлж, илүү олон чиглэлээр өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон аж.
Бэлтгэсэн Б.Сонор