УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)- ын хоорондох тав дахь удаагийн байнгын уулзалт өчигдөр Бээжинд болов. Уг механизмыг ажиллуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг талууд 2014 онд байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдаж, манай талаас байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, П.Анужин болон Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцжээ. Тус уулзалтаар хоёр улсын парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил, боомтын асуудлаар санал солилцсон байна. Улмаар Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэн парламентын хоорондох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо хэмээн санал нэгдэв.