Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдад нийслэлийн газар олголттой холбоотой сонсгол явуулах чиглэл өгсөн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Зуны үер, нийтийн тээврийн асуудал, саяны гарсан осол зэргээс харахад Улаанбаатар хот дарьтай торх болж хувирчээ. Нийслэл шиг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг хотын дундуур тээвэрлэдэг хот үгүй. Тэр дундаа төмөр замаар хүртэл тээвэрлэдэг. Мөн стандартгүй барилга хороолол нь зам руугаа шахаж баригдсан. Сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал өнөөдрийн ийм түвшинд хүргэж байна. Тиймээс Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентийн түвшинд дээрх асуудлыг ярих шийдвэрт хүрлээ. Улмаар нийтийн тээвэр, газрын авлигын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж, миний бие ахална. Ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хандахаар болсон” гэж ярьлаа.