Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЗД-ийн 26-р хороонд гарсан ослын талаар хэлэлцэж хэд хэдэн шийдвэрт хүрч, Ерөнхий сайдаас дараах чиглэлийг өгчээ. Тодруулбал,
- Амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох нөхөх олговрыг шийдвэрлэлээ.
- Хэрэг шийдвэрлэх хүртэл осолд өртөж, эмчилгээ хийлгэж буй иргэдийн эмчилгээний асуудлыг ЭМЯ хариуцан ажиллана.
- ХЗДХ-ийн сайдад нийслэлийн газар олголттой холбоотой сонсгол явуулах үүрэг өгөв.
- УБ тэсэрч тээвэрлэлтийн стандарт эргэн харах, өөрчлөх.
- Шаардлагатай тоног төхөөрөмжийн төсөв хөрөнгийн тооцооллыг гаргахыг Шадар сайдад үүрэг болгожээ.
Шадар сайд С.Амарсайхан “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт олгох тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоов. Түлэгдэж, угаартаж эмчлэгдэж буй иргэдэд эмчилгээнд шаардлагатай тусламжийг ЭМЯ-наас хэрэгжүүлнэ. Осолд 60 айлын орон сууц өртсөн. Нийт айл өрхийн зочид буудалд байрлах зардал болон түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Мөн нэг удаа асуудлыг ярих биш шат шатандаа стандартаа мөрддөг байх чиглэлээр ажлын хэсэг гаргаж, улс орны хэмжээнд стандартыг хэвшүүлнэ” гэж ярилаа.
Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ. Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.
Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.
“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.