Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 тоот тогтоолыг УИХ 2018 оны нэгдүгээр сарын 5-нд баталж, хэд хэдэн ажлыг нэн даруй хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Улмаар мөн оны хоёрдугаар сарын 8-нд Засгийн газар тогтоол баталж, түүхий нүүрс түлэхийг хориглосон билээ. УИХ болон Засгийн газрын эдгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн иргэн Лхагвасүрэн, Амаржаргал, Ганхөлөг нар Цэцэд хандлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж мэдээлэлдээ дурджээ.