Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөсний дараа үндэсний шигшээ багийнхан бэлтгэлдээ анхаарал хандуулж буй. Учир нь тэднийг Парисын олимпын эрх авах хариуцлагатай тэмцээнүүд хүлээж байгаа. Манай тамирчид сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад БНХАУ-ын Бээжин хотын болон ӨМӨЗО-ы 50 гаруй тамирчинтай Халиут хотод хамтарсан бэлтгэл хийж эхлэв. Өмнөд хөршийнхөн цөөнгүй түрүүлсэн шигшмэл бөхчүүдээ сонгосон нь манайхны хамтарсан бэлтгэл сургуулилалтыг үр дүнтэй болгож байгаа аж. Тус бэлтгэлийг холбооны сонгомол бөхийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болдын санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.