Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүний тавыг нь ирэнгүүт эрчимт эмчилгээнд оруулсан. Өдөр нэг хүнийг шилжүүлснээр одоогийн байдлаар Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ.
Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратад оржээ.
Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Би шөнө 01:30 цагт дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд хамгийн хүнд хүн маань ирчихсэн, эмчилгээ нь эхлээд, эрэмбэлэн ангилалт явагдаж араас нь ахиад дөрвөн хүн авчирсан. Эрэмбэлэн ангилалт хийж хөнгөн хүмүүсийг хүмүүсээ тасаг руу шилжүүлж эмчилгээгээ үргэлжлүүлсэн.
Дэлбэрэлт болсны дараа Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, түлэнхийн мэс заслын эмч нарыг бүгдийг нь дуудаж, шаардлагатай бүх эмчилгээг эхлүүлсэн. Биеийн байдал маш хүнд, аппаратын хүмүүс нэмэгдсэн учраас сувилагчийн тоог нэмж дөрөв болголоо. Эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байна” гэж ярьсан.
Эмнэлгийнхэн эмчилгээ үйлчилгээнд тулгарч буй хүндрэлтэй асуудал гараагүй, чухал шаардлагатай эм тарианы нөөц хангалттай. Харин түлэгдсэн хүмүүст зайлшгүй хэрэглэдэг альбумин уургийн бэлдмэлийг нөөцлөх шаардлага байгаа тул санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсжээ. ЭМЯ-наас өчигдөр өглөө тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан тарианы помп 30 ширхэгийг нийлүүлсэн.
Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзсаны дараа осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.
Осолд өртсөн иргэний эгч хэлэхдээ “Миний дүү 52 настай. Ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна. Бид үнэхээрийн гомдолтой байгаа. Ард нь өчнөөн олон хүний амьдрал явж байгаа шүү дээ. Хүний амь гэдэг чинь үнэ цэнтэй. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна” гэж байв.
Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ.