“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө парламент баталж байв. Ийм бодлогын баримт бичигтэй байх ёстой гэсэн санаачилга гаргаж, төслийг боловсруулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь өнөөгийн Ерөнхий сайд, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг бэлэн болгочхоод тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөхөд Ерөнхий сайд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн “Алтангадас” нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлж байв. Үнэхээр ч энэ бол манай улсын сүүлийн 30 жилийг дүгнэж, 2050 он хүртэл буюу ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлсон баримт бичиг юм. Энэ бол салбар салбарын эрдэмтэн, судлаач, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд 1500 орчим хүний хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл, зүтгэл шингэсэн ажил билээ.
Цаашлаад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг “Алсын хараа-2050”-д нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль гэж нэрийдэн шинэчилсэн билээ. 2016 оноос мөрдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран урт, дунд, богино хугацааных байхаар заасан байв. Тухайлбал, “Урт хугацааны буюу 15-20 жилд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал байна” гэж уг хуулийн 6.2-т заасныг “30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байна” гэх зэргээр өөрчилсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, ердөө 15 жилийн хөгжлийг зурагласан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”- ийн оронд 30 жил “наслах” учиртай “Алсын хараа 2050”-ийг баталсан хэрэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргын хувиар “Алсын хараа-2050”-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдаж байна.
Эл баримт бичгийг батлах хүртэл буюу 1992 оноос хойш Монгол Улс хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулан, мөрдөж ажилласан юм билээ. Мөн эл хөгжлийн баримт бичгийн төслийг анх удаа олон улсын стандартын дагуу боловсруулж, санхүүгийн тооцоо, эрсдэл хийгээд хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг хүртэл тооцон, хөрш орнууд болон гадаад талын бусад нөлөөг харгалзан үзсэн. Цаашлаад үүний хэрэгжилтийг хянаж, үнэлэн, дараагийн үе шатны зорилттойгоо нийцүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх түвшнээ хүртэл тодорхойлон ажиллахаар болсон нь дэвшил юм. Гэхдээ тоогоор нь, бас гоё нэрээр нь бодвол гуравхан сая хүнтэй улсыг 30 жилийн хугацаанд гайхамшгийн охь болгочих байсан 00 гаруй баримт бичгийн нэг нь “Алсын хараа -2050” болчих вий гэсэн болгоомжлол байсныг нуух юун. Ямартай ч сүүлчийн найман жилийн турш эрх барьсан намынхан “Алсын хараа-2050”-ийг тасралтгүй мөрдлөг болгон, богино, дунд хугацааны зорилтдоо хүрэхээр ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагаа, эрх баригчдын хийсэн ажилд эхний “дүн”-г тавих айсуй сонгууль нь “Алсын хараа-2050”-ийн хэрэгжилтийн хэтийн төлөв байх биз ээ.
Бэлтгэсэн Б.Оргил