Өнгөрсөн шөнө гарсан гал түймэртэй холбоотойгоор ЭМЯ-наас зарим зүйлийг тодрууллаа.
ЭМЯ-н Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал:
БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 207 дугаар байранд нийт 56 айл бүртгэлтэй байдаг. 178 иргэн оршин суудаг. Өнгөрсөн шөнийн байдлаар ГССҮТ-д 14 иргэн, Цэргийн төв эмнэлэгт 2 иргэн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хоёр иргэн, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. ГССҮТ-д үзүүлсэн 14 иргэний 4-ийнх нь бие гайгүй учир салбар эмнэлгийн хяналтад байгаа бол таван хүн эрчимт эмчилгээний тасагт, таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал маш хүнд, 3-4 дүгээр зэргийн түлэгдэлттэй байгаа.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баг гараад ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тул одоогоор тасарсан эм тариа байхгүй, хүний нөөцийн дутагдалгүй хэвийн ажиллаж байна.
Күүпер зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн 48 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна.
Маш их хэмжээний газ агаарт тархсан үед иргэд аль болох битүү орчинд байхгүй байхыг хичээх хэрэгтэй. Аль болох сандарч, тэвдэлгүй, бие биедээ чирэгдэл учруулахгүйгээр тухайн газраас холбох хэрэгтэй. Хордлогын шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад ханд.