Цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Эл дүгнэлтийг УИХ аравдугаар сарын 5-нд хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Гэвч Цэц хэзээ дахин хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу их суудлын хуралдаанаараа шийдвэрээ гаргах нь тодорхойгүй хэвээрээ, тов алга.
Дээр дурдсан албан тушаалтнуудыг томилохын өмнө сонсгол хийх заалтыг түдгэлзүүлснээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ гаргаагүй л байна. Их суудлын хуралдаанд холбогдох тайлбарыг УИХ-аас ирүүлэлгүй удсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилолгүй цаг алдсаныг Цэцийнхэн хэлж буй бөгөөд ингэж сунжирсны гол шалтгаан гэхэд болно. Ямартай ч парламентын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж буй аж.
ДАХИАД Л ЕРӨНХИЙ САЙД
Үүнээс гадна Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарал татаж буй хэд хэдэн өргөдөл, мэдээлэл бий. Тухайлбал, Л.Отгонгэрэл нарын нэр бүхий иргэд уржигдар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 60.2, 60.3 дахь заалтыг зөрчиж, Үндсэн хуулийг дээдлэн сахих тангаргаасаа няцсан гэж үзэн, Цэцэд хандаад байна. Энэ нь нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилсон шийдвэртэй нь холбоотой. Тодруулбал, түүнийг Засаг даргаар томилох, эсэхийг өнгөрсөн аравдугаар сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 60.2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны ИТХ-аас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, 60.3-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасныг зөрчсөн гэж тэд үзжээ. Уг мэдээллийг гаргасан иргэд Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ын гишүүд бөгөөд тус намын дарга Ц.Оюунгэрэл “Нийслэлийн удирдлагын гаргасан шийдвэрүүд нийслэлийнхнийг туйлдуулж байна. Улаанбаатарт шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан Х.Нямбаатар, түүнд энэ эрхийг өгсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тэд эрх мэдлээ урвуулан ашигласны горыг нийслэлийн иргэд амсаж байна” гээд Засгийн газрын тэргүүнийг танхимын нэр бүхий гишүүдийн хамт огцрохыг шаардсан юм. Тэдний ирүүлсэн мэдээлэлд үндэслэн маргаан үүсгэх, эсэхийг Үндсэн хуулийн цэц хянаж эхэлсэн байна.
Гэхдээ Цэц үүгээр маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан зарлах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь өнгөрсөн онд буюу арваннэгдүгээр сард нэр бүхий иргэд үүнтэй төстэй агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан ч маргаан үүсгэхээс татгалзжээ. Нийслэлийн Засаг даргын албыг авч, өгөлцсөн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын хэн хэн нь УИХ-ын гишүүн байв. Өөрөөр хэлбэл, тэд Улаанбаатарыг удирдахын тулд парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдсөн. Харин тэднийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол болон нийслэлийн Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд Цэцэд хандсан байна. Тодруулбал, иргэдийн мэдээлэлд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 2020 оны аравдугаар сарын 23-ны 30, 2023 оны аравдугаар сарын 12-ны 80 дугаар тогтоол нь ард түмний төлөөлөгчдийн байгууллага болох парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хууль бусаар халдаж, Үндсэн хуулийг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн бол ард түмнээс мандат авч сонгогдсон, тэдний төлөөлөгчдийн байгууллагын гишүүн агаад түүнийг УИХ-аас дур мэдэн Үндсэн хуульд үндэслээгүй тогтоол гаргаж, бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд нь хууль бусаар халдаж, дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Тэрчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар Үндсэн хуулийн 23.1 дэх “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэх заалтыг ноцтой зөрчиж, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн, Үндсэн хуульт болон парламентат ёсны түүхэнд хараар бичигдэх харамсалтай үйл явдал болсон. Түүнчлэн Засаг даргыг нийслэлийн ИТХ-аас нэр дэвшүүлэхгүйгээр, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь Үндсэн хуулийн бус аргаар дуусгавар болгосон Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг томилсон Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамж нь Үндсэн хуулийн 1.2 буюу “Ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 3.1 дэх “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасныг зөрчсөн” гэж дурдсан байна. Үүнээс гадна тэд ИОНН-ынхны онцолж буй Үндсэн хуулийн 60.2 дахь заалт болон 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-т “ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж заасныг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Ардчилсан хүчний холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлага өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг нь эдлүүлж чадахгүй байгаа Засгийн газрыг Цэцэд “өгөхөө” мэдэгдсэн юм. Өчигдрийн байдлаар тэд Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ албан ёсоор хүргүүлээгүй байв. Мөн зарим иргэн утаа, агаарын бохирдолтой холбоотойгоор Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд“өгөхөө” илэрхийлж буй.
УИХ-ЫН ДАРГЫГ “ДУУДАХ” УУ
Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Үндсэн хуулийн цэцэд хандаад буй бөгөөд түүний ирүүлсэн мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэхийг хянаж байгаа аж. Тэрбээр Үндсэн хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэхгүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг Цэцэд “өгсөн” юм. Тухайлбал, 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн “Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх” гэсэн зургаадугаар бүлгийг өдгөө хэлэлцэж буй төсөлд хасаж тусгасан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2 дахь заалт болох“Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэснийг шууд зөрчсөн хэмээн үзэж буй. Ийм төслийг санаачлагчид нь буцаалгүйгээр парламентаар хэлэлцүүлснээрээ Г.Занданшатар дарга УИХ-ын гишүүний тангаргаасаа няцаж, Үндсэн хуулийн 1.2-т заасан“...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээснийг зөрчиж байгааг мэдээлэлдээ онцолсон байна.