Манай улс элэгний хавдрын шалтгаантай нас баралт, өвчлөлөөр дэлхийд 1-рт жагсаж, элэгний хорт хавдар хүн амын нас баралтын 22 хувийг эзэлж, монгол хүний нас баралтын хоёр дахь шалтгаан болсон. 2013 оны байдлаар элэгний хорт хавдраар 1967 хүн шинээр өвчилж, нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, хамгийн өндөр тархалттай байсан. Ялангуяа, элэгний анхдагч өмөнтэй өвчтнүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай нутагшуулах асуудал хурцаар яригдаж байв.
Хавдар судлалын үндэсний төв “Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах нь” цөм технологийн төслийг 2015-2018 онд 400.0 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар ХСҮТ-д 44 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгээд байна. Гадаад оронд 1 мэс заслын өртөг хийгдэж буй улс орноосоо шалтгаалан 200-400 сая төгрөг. Дээрх төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш дундажаар 8-16 орчим тэрбум төгрөгний гадагшаа урсах үргүй зардлыг багасгаж, Монгол хүнд эх орондоо санхүүгийн дарамтгүйгээр тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн. Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нутагшуулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас уг хагалгааны зардлын 75-100 хувийг санхүүжүүлдэг журамд шилжсэн юм.
Эх сурвалж: Шинжлэх ухаан технологийн сан