Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус хэлтсийнхэн энэ сарын 15-21-нд эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн байна. Тэдний дунд дээрх албан тушаалтны үйлдэл багтсан юм.
Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулж давуу байдал олгосон хэрэгт холбогдуулсан билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон өнгөрсөн оны сүүлчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргасан юм.