“Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Аав минь анх надад зах зээлээ дагаж нутгаасаа гарч амьдралаа залгуулах хэрэгтэй гэж зөвлөн одоогийн оршин суугаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 2005 онд ирж суурьшиж байлаа. Энэ нутагтаа ирээд 19 жил болж байна. Аав минь намайг газар тариалангийн өлгий, мал ахуйгаа өсгөхөд таатай энэ сайхан газар нутагт суух боломжоор хангаж нүүлгэж өгөөд дараа жил нь бурхны оронд заларсан. Тийм болохоор би үржил шимт энэ сайхан нутагтаа ирсэндээ талархаж явдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэмийг аймгийн аварга малчин Б.Ядамжав гэдэг. Түүнтэй мал ахуйгаа өсгөн үржүүлж, бэлчээрийн ашиглалтын хоршоо байгуулан ажиллаж байгаа талаар ярилцахаар энэ удаагийн зочноор урилаа.
-Юуны өмнө бидний саналыг хүлээн авсанд баярлалаа. Та мал маллах арга туршлагаасаа манай уншигчидтай хуваалцана уу.
-Мал маллах арга барил гэхээсээ илүү- тэйгээр монголчууд бид эртнээсээ малч ухаантай, нүүдэлчин гаралтaй хүмүүс. Миний эцэг эх бас өөрийн төрсөн нутаг Увс аймгийн Зүүнговь сумандаа мал маллан аж төрж байсан малчин хүмүүс. Би 2000 онд гэргийтэйгээ танилцаж гал голомтоо бадрааснаас хойш өдгөө 24 жил тасралтгүй мал маллан амьдарч байна.
Түүнээс 19 жилд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын үржил шим сайтай газарт суурьшин, малаа өсгөн үржүүлж байна. Малын ашиг шим их. Өнөөдрийн миний мөр бүтэн, гэдэс цат галан, дутагдах гачигдах юмгүй яваа нь малын буян гэж боддог.
-Яагаад заавал малчин болохоор шийдсэн бэ? Өөр мэргэжлээр ер нь ажиллаж байсан уу?
-Хүн бүрт өөрийн гэсэн нэг хүсэл со-нирхол байдаг. Зарим хүмүүс машин техник сонирхдог бол нэг хэсэг нь бичиг номонд дуртай ч гэдэг юм уу. Миний сонирхол бол зүгээр л мал маллах. Энэ мал эрдэнийг тал дүүрэн бэлчээгээд явах ямар сайхан байдаг гэж санана. Сүүлийн үеийн хүмүүс төв суурин бараадах сонирхолтой болсноос Улаанбаатар хотын төвлөрөл их болоод байна. Харин биднийг мал маллахаас өөр юм мэдэхгүй харанхуй бүдүүлэг хүмүүс гэж зарим нэг нь хардаг л байх. Гэхдээ малчин миний л харсанаар Монголчууд бидний хамгийн том баялаг бол газар дор байгаа алт эсвэл нүүрс биш юм. Харин эргэн нөхөн сэргээгдэх боломжтой, эх дэлхийдээ ээлтэй баялаг мал сүрэг юм байна гэж боддог доо.
Түүнийг даган хөгжиж байгаа үйлдвэрлэл ч мөн адил үүнд хамаарах болов уу. Бид чинь дэлхийд Монголынхоо үнэт өвийг тээж яваа хүмүүс шүү дээ. Тоочоод байвал мал чин байхын давуу тал, үр өгөөж, ашиг тус их бий.
-Тэгэхээр мал аж ахуй эрхлэх боломж их байна гэсэн үг үү?
-Зурагт, хэвлэл мэдээлэл, интернэт хөдөө орон нутагт ч бас сайн хөгжсөн шүү. Бид улс эх орныхоо байтугай дэлхийн мэдээллийг гар утсаараа авч байна. Миний мэдэх цөөнгүй улс орнууд хүнсний хэрэглээгээ хангахын тулд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Бидний ярьж сурсанаар фермийн аж ахуй. Би ч бас нэг төрөл рүү шилжихээр фермийн байр бариад бэлдсэн л байна. Гэхдээ насаараа бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн бидний хувьд сурсан дад санаа шууд орхиж чадахгүй л байна. Сурах, судлах, мэдэх ёстой зүйлс ч их байна. Бас шуудхан тэр чиглэл рүү орж чадахгүй байгаа нэг шалтгаан нь өв соёл гээд л яриад байсан зүйл л дээ. Тиймээс мал аж ахуй эрхэлж байгаа малчид, фермерүүд нүүдлийн соёл, бэлчээрийн гэх энэ хоёр системийн давуу талуудыг яаж зөв хослуулах хэрэгтэй вэ гэдгийг ч бас их боддог юм. Иймээс энэ нутагтаа байгаа малчдаа нэгтгээд “Бэлчээр ашиглалтын хоршоо” байгуулаад энэ хавьдаа гурван бүс нутаг болгон хувааж бэлчээрээ хэрхэн зөв ашиглах талаар зарим ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн ашиглалт, хуваарилалтыг зохицуулан ажиллаж байна. Малчдын хувьд бэлчээрийн газар гэдэг бол малаас гарах ашиг шим өндөр байх эсэхийг шийдэх хамгийн том асуудал.
-Бэлчээрийн газар бага байгаа гэж ойлгож болох уу?
Бидний оршин суугаа газар чинь газар тариалангийн бүс нутаг. Байгалийн өвс ургамал идэж, мал бэлчих талбай бага байдаг. Дээр нь намрын улиралд малчид бид нарт байгалийн хадлангаа авах газар тун хангалтгүй. Тэгэхээр малаа өс гөж яваа бидний хувьд малдаа нэмэлтээр ногоон тэжээл тарих ч газар олддоггүй. Тиймээс бидний хэсэг нөхөд бэлчээр ашиглах хоршоогоо байгуулаад тариалангийн газар түрээслээд газар тариалангаа эрхлэх болом жоор нь хангахаар зорьж байна. Хамт даа малынхаа тэжээлийг бэлдээд, хамтдаа малын ашиг шимийг их авна. Ядаж л зуны дэл гэр цагтаа гэхгүй, өвөл ч бас үхрээ саагаад сүүгээ бэлтгэдэг бол малчид бид нарт маш их тустай гэж хардаг.
-Улаанбаатар болон төв суурин газраас хол энэ газар сүүгээ яадаг вэ? Цагаан идээ хийж борлуулдаг уу?
-Мэдээж монгол хүмүүс л хойно сүү цагаан идээгээ хийнэ. Гэхдээ энд хол гэхгүй малчид биднийгээ дэмжин, өвөл зуны аль ч улиралд “Сүү” ХК өдөр бүр сүүг маань авдаг. Тэгэхээр бид нар сүүгээ бэлтгэн нийлүүлээд өдөр тутамдаа орлоготой байдаг. Миний хувьд энэ нутагт ирсэнээс хойш л “Сүү” ХК тайгаа хамтран ажиллаж байна. Цар тахлын хүнд үед ч бидний бэлтгэсэн сүүг ирж авч л байсан. Энэ боломжийг ашиглаад “Сүү” ХКийн хамт олондоо баярлалаа гэж хэл мээр байна. Тэд чинь зөвхөн сүүгээ аваад зогсохгүй малчид бидэнд хивэг, тэжээл ямар ч нэмэгдэл үнэгүйгээр авчирч өгөх гэх мэт маш олон ажил хийж өгдөг.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Танд хэлээгүй үлдсэн санал, мал маллагааны тухай ярих зүйл байна уу?
-Малчид бидний хэлэх үгийг сонсож, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Малчид чинь зовлон бэрхшээл ярихаасаа илүү өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдээд сурчихсан хүмүүс байдаг. Гэхдээ улс орон маань малч дад бүгдэд нь газар олго доггүй юм гэхэд тодорхой хугацаатай дундын, тариалангийн газар ашиглах хэлбэрээр өгвөл ирээдүйд бид малынхаа ашиг шим, түүхий эдээр улс орноо хөгжүүлэх боломж байгаа шүү гэд гийг хэлмээр байна. Тэр дундаа юугаар ч орлуулшгүй малын сүүгээр хий сэн бүтээгдэхүүнийг Монголын төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж брэнд болгох бүрэн боломжтой. Бид малаа магнаг болгож улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр үзүүлэх боломжтой гэж харж байна.
-Баярлалаа.