Агаарын бохирдлоос болж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хөндөж, анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд иргэд утаагаар амьсгалснаар хорт хавдрын өвчлөл, нас баралт, ургийн гажиг, зулбалт нэмэгдэж буйг судалгаанд үндэслэж, жишээ татан ярив.
Тухайлбал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа “2022 онд амьсгалын замын өвчлөлөөр өвдсөн хүний тоо 6000 байсан бол 2023 онд 10 000 болсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно. Мөн бусад өвчлөлөөр өвдсөн хүний тоо 40 000 аар өссөн. Сүүлийн жилүүдэд уналт, таталт өгдөг хүүхдүүд ихэссэн. Өнгөрсөн онд 1280 хүүхэд амьгүй, 460 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн.
Харамсалтай биш гэж үү, цаашлаад 0-5 насны хүүхдүүдийн эндэгдлийн хамгийн том шалтгаан нь уушгины хатгалгаа. Нийслэлд амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийн зулбах магадлал өвлийн улиралд дөрөв дахин өсдөг. Эдгээрийн шалтгаан нь хорт утаагаар амьсгалж буйтай холбоотой” гэв.
Судлаач С.Наранбаатар “2017 онд баталсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг найман жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Энэ хугацаа дуусахад нэг жил үлдсэн ч хэрэгжилтийн талаар мэдээлэл байхгүй. Хэрэв сайн байсан бол дээрх өвчлөл даамжрахгүй. Мөн 2017-2020 онд утааг бууруулахад 467.1 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч агаарын чанар сайжирсангүй. Утааг бууруулах дүрэм журмын хэрэгжилтийг хянах хэрэгтэй. Энэ оны агаарын бохирдлын чанарын төвшнийг сайжруулахад, ямар ажил хийж байгаагаа танилцуулахыг Засгийн газраас шаардаж байна” хэмээлээ.
Тэд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн, 40 гаруй судалгааны ажил, бусад баримт бичгийг үе шаттайгаар тоймлон үзжээ. Үүнд агаарын бохирдол нь уушгины хавдрын 80, бусад хавдрын 50 хувьд нөлөөлдөг. Мөн зүрх судасны эмгэг үүсэх 20, амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувийг эзэлдгийг судалгаа харуулжээ. Түүнчлэн хүүхдийн хорт хавдрын 80 хувийг бий болгодог олон сөрөг үр дагавартай учир хүүхдүүдийнхээ төлөө Засгийн газрын эсрэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаар боллоо.
Бэлтгэсэн: Н.Ханиунаа