П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн судлаачдын баг “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 490.3 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Зүрхний цочмог шигдээсний үед 2016 онд 11, 2018 онд 9 нийт 20 өвчтөнд ТиСДЭ хийх явцад бүлэн соруулах эмчилгээ хийж, титэм судсанд шинээр үүсэж тогтсон бүлэнг соруулан авч дараа нь стент тавьсан нь үр дүн 95 хувьтай байлаа. Төсөлт ажлын хугацаанд титэм судаснаас бүлэн соруулах эмчилгээг улсын хэмжээнд анхлан амжилттай хийж гүйцэтгэн практикт нэвтрүүлжээ.
Зүрхний шигдээсний үед титэм судасны дотуурх эмчилгээний явцад титэм судас хатуурч шохойжсон, товруутай бөглөрлийн үед баллон, стент нэвтрэхгүй үед титэм судасны товруу шохойжилтыг өрөмдөх (атерэктоми) эмчилгээг 2 өвчтөнд хийж, стент тавьж эмчилсэн нь энэ салбарт анх удаа шинэ технологиор хийсэн эмчилгээ юм. Тус эмнэлэгт гадаадын 15 орны 41 иргэд эмчилгээ хийгдэсний 13(31,7%) БНХАУ-ын иргэн, 5(12,1%) нь ОХУ-ын иргэн, 4(9,7%) БНСУ-ын иргэн байлаа. Энэ нь манай улсад титэм судасны дотуурх оношилгоо, эмчилгээний энэхүү арга дэлхийн жишигт хүрч бүрэн нэвтэрсний баталгаа юм.
Зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээсний үе шат хүнд хөнгөний зэргээсээ хамааран зүрхний титэм судасны бичил мэс засал болон титэм судсан дотуурх мэс заслын аргаар эмчилгээ хийлгэсэн нийт тохиолдлын 60 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж, амьдралын чанар нь дээшилж, амьдрах хугацаа нь 5-10-15 жилээр уртасч байгаа нь нийгэм, эдийн засгийн томоохон үр дүн билээ.
Титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ 8 саяас 24 сая төгрөгөөр хийгдэж байна. Гадаадад явж эмчлүүлдэг байсан тэр үед титэм судсан дотуурх мэс заслын эмчилгээний өртөг нь хэдэн тэлэгч (стент) хэдэн судсанд тависнаасаа хамаарч 15-30 мянган ам долларт хүрдэг. Өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийгдсэн 12 700 хүнээр тооцож үзвэл ихээхэн хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг бий болгожээ.
Эх сурвалж: Шинжлэх ухаан, технологийн сан