Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн есөн цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалжээ.
Тухайн нэгтгэл, ангиудаас бүлэг ахалж яваа алба хаагчидтай утсаар холбогдож, цагийн үеийн мэдээлэл авав. Дэслэгч М.Чойнхор “Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хоёр бүлэг Лүн суманд нэгдүгээр сарын 16-ны өдрөөс ажиллаж эхэлжээ. Өгөөмөр, Цагаан-Овоо гэдэг хоёр багийн малчдад өвс тэжээл хүргэх, цаасанд боогдсоныг нь нүүлгэх, зам даваа нээх ажлыг гүйцэтгэж байна. Тухайн хоёр багийн Засаг дарга болох А.Ганзориг, Р.Хүрэлгомбо нар бидэнтэй хамт явж, малчдыг олоход газарчилжээ.
Харин Эрдэнэсант суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр “Малчдад туслах үүргийг гүйцэтгээд найм хонож байна. Цас зудтай үед малчдад ямар тусламж шаардлагатай болдог билээ тэр бүхнийг нь манай цэргийн залуус нугалж байна. Таван багт хоёр бүлгээр ажиллаж байгаа бөгөөд нарийвчлан тоолж амжаагүй ч цасанд боогдсон 70 гаруй малчин өрхийг нүүлгэж, 100 гаруй айлд нь өвс тэжээл хүргэж, олон зуун км замыг нээсэн” гэлээ. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид ч гэсэн Эрдэнэсант суманд 20 гаруй хоног үүрэг гүйцэтгээд энэ амралтын өдөр буусан байна.