Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд цахим шилжилт хийхэд чиглэсэн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлсэн. Тэдгээрээс хамгийн олон хүнийг хамарч, бас цөөнгүй дэвшил гаргасан нь төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” систем байлаа.
2020 оны аравдугаар сарын 1. Энэ бол “E-Mongolia” системийн “мэндэлсэн” өдөр. Тухайн үед манай улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын дэглэм үргэлжилж байв. Тиймээс үйлчилгээг аль болох зайнаас үзүүлэх, иргэд ажил, амьдралынхаа олон асуудлыг интернэт орчноор дамжуулан шийдэх нь юу юунаас чухал байсан юм. Яг ийм үед Засгийн газраас “E-Mongolia” системийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчлөхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл зэргийг шийдэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ. Уг систем нь өдгөө дотоодын хамгийн том платформ болон хөгжөөд байна.
“E-Mongolia” системийн хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 1 750 000-д хүрчээ. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь эл системийг ашиглаж байна гэсэн үг. Одоогоор төрийн байгууллагуудын 1030 үйлчилгээг үүнд нэвтрүүлээд буй юм байна. Системд нэвтрүүлсэн үйлчилгээнүүдийг иргэд давхардсан тоогоор 37.4 сая удаа авч, ашиглажээ. Иргэд ийнхүү цахимаар үйлчилгээ авдаг болсноор өнгөрсөн гурван жилийн хугацаанд 75.2 сая цагаа хэмнэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жишгээр төрийн үйлчилгээг биечлэн авсан бол дээрх хэмжээний цагийг аль нэг байгууллагын үүд сахихад зарцуулах байж. Үүнээс гадна үйлчилгээ авах гэж ийш тийш зорчих шаардлагагүй болсноор 11 400 тонн шатахууны зардал гаргахаас зайлсхийж чаджээ. Эдгээрт тооцоолон үзэхэд “E-Mon¬golia” систем бий болсноор шатахуун, бичиг баримт бүрдүүлэх зэрэгт зарцуулах 50 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
Улсын хэмжээнд цахим шилжилт хийхэд гаргасан бас нэг дэвшил нь тоон гарын үсгийг иргэн, хуулийн этгээдэд олгохоор шийдвэрлэсэн нь байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 2-ноос 16 болон түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэлсэн. Түүнээс хойш 800 000 гаруй хүн цахим гарын үсгээ авсан аж. Иргэд үүнийг авснаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах боломж бүрдээд байна. Мөн банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах боломжтой. Түүнчлэн “E-business” платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ авч байна. Бас “Smart car”, “Smart office” аппликэйшн, нийгмийн даатгал, татвар, гааль, төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсанд тоон гарын үсгийн тусламжтайгаар нэвтэрч, бүх төрлийн үйлчилгээ болон мэдээлэл авч болохоороо онцлогтой. Энэ нь энгийн гарын үсэгтэй адил хэмжээнд үйлчлэх эрхтэй. Тодруулбал, гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм.
Засгийн газраас “Шилэн” ажиллагааныхаа хүрээнд төрийн байгууллагуудтай холбоотой мэдээллүүдийг олон нийтэд ил тод болгож эхэлсэн нь өнгөрсөн оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Үүний хүрээнд shilen.gov.mn цахим хуудсыг ашиглалтад оруулаад буй юм. Өмнө нь хаалттай байсан, өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын иргэдээс нууцалж ирсэн баримтуудыг ил болгосноороо уг ажил онцлогтой. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар авчхаад орон сууц барьчихсан олон жишээг бид мэднэ. Тэгвэл Засгийн газраас хэн гэдэг албан тушаалтан хаана, хэдий хэмжээний газрыг хэзээ олгосон талаарх мэдээллийг ил тод болгосон. Түүнчлэн нийслэл, дүүргүүдийн үе үеийн Засаг даргын газар олгосон захирамжуудыг нээлттэй болгоод байгаа билээ. Бас төрийн өмчид хамаардаг байрнуудыг хэн хэдэн төгрөгөөр түрээслээд буйг мэдэх боломж бүрдээд байна. Төрийн мэдээллүүдийг нээлттэй болгох “Шилэн” ажиллагаа цаашид ч үе шаттайгаар үргэлжлэх аж.