УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч чуулганаар таван тогтоол баталж, нэгдсэн хуралдаанаар 109 хууль, гурван тогтоолын төсөл хэлэлцүүлжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус байнгын хорооны дарга Э.Батшугар “Төрд байгаа буюу “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Цаашид “Хурдан” цэгийг сум, хороо бүрд байгуулна” гээд одоогоор 800 мянган хүн цахим гарын үсгээ авсныг дурдав.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлыг танилцуулсан мэдээллийн үеэр тус байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эрүүдэн шүүж буй нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа УИХ-д танилцуулахыг Хүний эрхийн үндэсний комисст даалгасан. Мөн төрийн бүх түвшинд ажиллаж буй албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулан, сургалт явуулахыг Засгийн газарт чиглэл болгоод байна. Тухайлбал, төрийн албаны шалгалтад хүний эрхийн мэдлэгийг нь сорих асуулт, даалгавар багтаах ёстой” гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарал татсан, шинээр тусгах шаардлагатай саналуудаа дөрөвдүгээр сарын 15-ны дотор боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасныг онцолсон юм. Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьж, ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буйг дуулгав.