Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцов.
Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж байна. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт бий.