Монгол Улс, ИБУИНХУ хооронд 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болжээ. Улмаар 2010 оноос хоёр орны харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлс дээр тогтож ихээхэн гүнзгийрсэн гэж мэргэжилтнүүд тодотгодог. Монгол Улсын 1990 онд сонгосон ардчилал, шинэчлэлийг Их Британи эхнээс нь дэмжиж ирсэн. 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллахыг бусад орнуудад уриалсан удаатай. 1996 онд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкинд Монгол улсад айлчилжээ.
Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үйл ажиллагаанд Гүн, хунтайж Эндрю оролцож, 2007 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2017 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британид, 2013 онд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн нарийн бичгийн дарга Уильям Хэйгийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Найжил Адамстай 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр цахимаар уулзаж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. Эдгээр айлчлал, яриа хэлэлцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын тод илэрхийлэл юм.
Өнөөдөр хоёр орны уул уурхай, боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байна. Их Британи бол Монгол Улсын худалдааны 10 гол түншийн нэг бөгөөд гадаадын томоохон хөрөнгө оруулагч юм. Тиймээс Их Британитай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг цаашид хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд тооцогддог байна. Жилд Их Британийн долоон мянган жуулчин Монголд ирдэг бол, Монголын таван мянга орчим иргэн Их Британид сурч амьдарч байна. Их Британийн Засгийн газар Гадаад, хамтын нөхөрлөлийн яамнаас санхүүжүүлдэг Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрөөр монголчуудад Их Британид сурах тэтгэлэг ч олгодог.