Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт 5 дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзжээ. Тэрбээр “Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө багагүй сорилтыг туулсан. Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг. Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгаа”г онцоллоо.
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр “Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгаа”г өндрөөр үнэллээ.
Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.