Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөс завшсан үндэслэлээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаар ажиллаж байсан З.Түмэндэмбэрэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр 2023 онд тус сумын ОНХС-гаас санхүүжих тус бүр нь 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй талбай хаших, услалтын систем байгуулах тендерт хүүгийнхээ найз болон өөр нэг иргэнийг шалгаруулж, гэрээ байгуулсан аж. Улмаар тендерийн үнийн дүнгийн дийлэнх хэсгийг хүүгийнхээ арилжааны банкны дансаар дамжуулан З.Түмэндэмбэрэл хувьдаа авсан хэрэгт холбогдсон гэнэ. Тендер зарлаж, шалгаруулсан нэрээр халхавчлан өөртөө давуу байдал олгосон түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлжээ.
ОНХС гэж аймаг, сум болгонд байдаг. Тухайн аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор байгуулсан эл сангийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд нь оролцож, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрөө санаачлан шийдвэр гаргадаг. Энэ сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн болон байгалийн баялгаа ашиглаж үүцээ дэлгэсний төлбөрөөс сангийн хөрөнгө бүрддэг юм. Гэтэл ОНХС-гийнхаа хөрөнгийг удирдлага нь завших, зориулалт бусаар зарцуулсан дээрхийн адил хэрэг аймаг, сумуудад гарах нь түгээмэл болсон байна.