Улсын хэмжээнд өнгөрсөн онд 11 878 хүн салхин цэцгээр өвчилжээ. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт буюу хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол аж. Тухайлбал, 2023 онд өвчилсөн хүний тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 3.4 дахин нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн олонх нь 0-9 насны хүүхэд байжээ. Харин цар тахлын үед буюу 2021 онд 293 хүн өвчилсөн нь сүүлийн 15 жилийн доод түвшин гэнэ.
Эл өвчний тархалт яагаад ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас тодрууллаа. Тэрбээр “Салхин цэцэг өвчин цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан юм. Энэ нь тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж, амны хаалт зүүж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь эрс нэмэгдлээ. Үүний шалтгаан нь нэг талаар иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахаа больсонтой холбоотой. Нөгөө талаар эрсдэлт бүлгийнхэн буюу дархлаагүй хүн амын тоо ихэссэн нь нөлөөлж байна. Тодруулбал, ер нь 15 хүртэлх насныхны дийлэнх нь салхин цэцгээр өвчлөх магадлалтай. Жил бүр хүйтний улиралд тодорхой хэмжээгээр тархаж, хүн амын дунд дархлаа тогтдог. Зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд тийм. Харин цар тахлын үед салхин цэцэг төдийлөн тархаагүй учраас хүн амын дунд дархлаа тогтоогүй гэсэн үг. Тиймээс дархлаагүй хүн амын тоо олширсон нь өнгөрсөн онд өвчлөл ихсэхэд нөлөөлсөн гэж таамаглаж байна” хэмээлээ.
Ташрамд дурдахад, салхин цэцэг нь амьсгалын болон ахуйн хавьтлын замаар тархдаг бөгөөд нууц үе нь 14-21 хоног аж. Ихэнх тохиолдолд нэг удаа өвчилсөн бол насан туршийн дархлаа тогтдог юм байна. Харин цөөн тохиолдолд дахин өвчлөх нь бий гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч