УИХ-ын намрын ээлжит чуулганаар 224 хууль, УИХ-ын 62 тогтоолыг баталлаа. Энэхүү чуулганыг шинэтгэлийн чуулган байсан хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар дүгнэж байна. Тэрбээр “2023 онд Монгол Улс 3.5 сая хүн амтай болсон. Ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх цахим парламент болох зорилтыг хэрэгжүүллээ. Мөн эрүүл шударга нийгмийн төлөөх их нүүдэл өрнөж байна. Их өөрчлөлтөд тэмүүлсэн, цэгцрэх цаг үеийг туулж буй. Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар болж өслөө. Нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.доллар хүрлээ. Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтүүд сайхан ирээдүйг илэрхийлж байна. Нөгөө талдаа хүртээмжтэй эдийн засгийг ард түмэн хүсэж байна. Шударга бус, эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдлыг эсэргүүцэж буй. Иргэдийн амьдрал доройтох шалтгаан нь инфляц юм. Тэгвэл өнөөдөр инфляц 7,9 хувьд хүрч, Монголбанкийг бодлогын хүүгээ бууруулахыг бид шаардаж эхэллээ” гэдгийг онцоллоо.
Мөн “Авлигын хэрэгт хариуцлага тооцохгүй байна. Өндөр түвшний улс төрчид, шударга бус бизнес эрхлэгчид хамтран тэгш бус байдлыг үүсгэдэг. Тиймээс нүүрсний сонсгол шиг Парламентийн нээлттэй хяналтын сонсголд энэ мэт хүмүүс цаашид дуудагдана. Улмаар аливаа гажуудлыг арилгах, хууль болон батлагдах ил тод нийгэм, хариуцлагатай засаглалын орчин бүрдсээр байна. Олон нийтэд ил болсон авлига, хулгайн хэрэгт хэн ч хариуцлага тооцохгүй байна хэмээн иргэд шүүмжилдэг. Гэм буруутанд хариуцлага тооцох эрх шүүх, хууль хяналтын байгууллагад бий. Тус байгууллага хараат бусаар шийдвэр гаргаж, хариуцлага тооцох учиртай. Монгол бол хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс. Хэлэлцэж, маргалдаж хуулиа тогтоодог парламенттай. Бие даасан шүүх засаглалтай. Гэвч хэвлэлийн эрх чөлөөний ард нуугдсан бүлэглэлүүд жил ирэх бүр идэвхжсээр байна. Бохир технологи хөгжиж, хиймэл оюун ухаан хоёр үзүүртэй илд боллоо. Тиймээс ард иргэд хэрсүү няхуур байж, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг уриалж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ард түмний төлөөллийн байгууллага парламент. Олон улсын парламентийн холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг анх удаа хийсэн. УИХ-ын сонгуулийн 8 дахь удаагийн парламент үр дүнтэй ажиллаа. Гэвч улсын төсөв батлахаас эхлээд томоохон төсөл гацах хүртэлх бүх бурууг парламент нуруун дээрээ үүрч байна. 2024 онд сонгуулийн найман тойрогт 126 гишүүнийг сонгоно. Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, шинэ жишгийг тогтоох учиртай. Нэг тойрог нэг аймгийг услах бус бүсчлэн хөгжүүлэх бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх үүрэг даалгавар өгч байна. Өнөөдөр бидэнд ганцхан чуулган үлджээ. Шинэтгэлийн парламент байж, эдийн засгийн реформд анхаарлаа хандуулахгүй бол төсвийн зарлага, татварын үр ашиггүй системд шинэчлэл хэрэгтэй. Улсын эдийн засаг өссөн ч иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэгчид нөлөөлөхгүй байна. Уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамаарлыг засахгүйгээр цааш явахгүй. Халамжаас хөдөлмөрт шилжинэ. Олон тулгуурт эдийн засгийг бий болгоно. Мөн дотоодын эв нэгдлээ бэхжүүлэх цаг үе ирээд байна” гэлээ.