Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5937 багшид 5 937 825 төгрөг, ЕБС-ийн 12 296 багшид нийт 31 276 001 төгрөг, 2023 оны 9-12 дугаар сард 12 307 багшид 16 732248 төгрөг, цэцэрлэгийн 6450 багшид 3 059 991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 378 цэцэрлэгт 5 389 306 төгрөгийн, 265 сургуульд 10 616 463 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт, 2023 онд 396 цэцэрлэгт 5 884 157 мянган төгрөгийн, 325 сургуульд 13 942 860 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна. Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй юм.