Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлнэ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хороог ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллах юм.
Тус Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгажээ.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжинэ гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.