Нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэжээ. Хэмнэлтийг хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхаар заасан хэдий ч нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурах, хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал, хүсэлт ирүүлснийг онцлоод иймд орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж чиг үүрэгтэй аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллагын автомашин ашиглах, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн албаны гар утасны зардлыг санхүүжүүлэх, сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардлыг хориглосон заалтыг хасах, шинжилгээ оношлогооны урвалж бодис болон бусад хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны урсгал зардлыг шийдвэрлэхээр тусгасан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийслэлээс алслагдсан гэдэгт ямар аймгууд хамрагдах, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд алслагдсан, алслагдаагүйгээр ялгавартай хандах нь оновчтой эсэх, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээвэр, эрчим хүчний салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцасыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд хамруулж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн хэрэгжилтийн үр ашгийг тооцсон эсэх, Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хамрагдаагүй үлдсэн үндэслэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, орон нутгийн хөгжлийн сангаас өвөлжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тухайн аймаг, сумдад эрх олгох зохицуулалтыг тусгах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, төрийн албан хаагчдын гар утасны зардлыг төлөх нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж үүнд “Хавтгайруулахгүй” гэсэн хариулт өгсөн боловч цэрэг, цагдаа, онцгой байдал гэсэн нэрийн дор хавтгайрна гэж харж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын болон гаалийн улсын байцаагчаас бусад төрийн албан хаагчид төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглох тухай заалтад ямар байгууллагууд хамрагдаж байгаа тухай асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар явуулахыг болиулж байгаа нь буруу тухай байр сууриа илэрхийллээ. Мөн тэрбээр, Шинжлэх ухааны байгууллагууд судалгааны ажилдаа автомашин ашиглах боломжийг олгох нь зүйтэй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ковид19 цар тахлын дараахь эдийн засгийн хүндрэлээс гарч байгаа учир орон нутгийн, тэр дундаа сумын Засаг даргын тамгын газар, агентлагтай холбоотой хязгаарласан заалтуудыг бүгдийг нь хуулиас хасаж, төрийн болон орон нутгийн өмчит том аж ахуйн нэгжүүдийг үлдээх саналтай байгаагаа илэрхийллээ. Орон нутагт, ялангуяа хүйтний улиралд шугам, сүлжээний гэнэтийн гэмтэл их гардгийг цаг алдалгүй засварлах боломжийг Төрийн хэмнэлтийн тухай хууль боомилсон, мөн цахим дэлгүүрт байршуулсан бараанаас сонголт хийж авах тухай зохицуулалт нь хэмнэлт бус бүр ч үр ашиггүй байдлыг бий болгож байна гэсэн юм. Хуульд орон нутгийн хөгжлийг дэмжих бус харин ч боомилсон заалт олон байгааг тэрбээр хэлж, эдгээрийг өөрчлөн засварлах шаардлага байгааг тэмдэглэв. Дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.