Цаг уурын байгууллагаас манай орны дийлэнх нутагт өвөлжилт хүндэрснийг мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаарх үнэлгээгээр найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байгааг тогтоосон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын комисс өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс шатахуун, хивэг, тэжээл олгохоор болжээ. Дөрвөн сум нь зудтай, 12 сум, гурван тосгон нь цагаанаар зудархуу буй Хэнтий аймагт 20 тонн шатахуун, 175 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нэмж олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс өмнө 249.5 тонн хивэг олгож, Хэрлэнбаян-Улааны Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин, тус аймгийн Онцгой комисст 49 гэр, хүнсний багц, халдвар хамгааллын хувцас өгчээ. Одоогоор эл аймгийн хэмжээнд, 11 сумд нийт 6779 толгой мал хорогдоод буй гэнэ. Мөн нийслэлийн хамгийн олон малтай, алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангайд 200 тонн хорголжин тэжээл, 100 тонн хивэг олгохоор шийдвэрлэсэн аж. Түүнчлэн Төв аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, хүн, мал зорчиход хүндрэлтэй байгаатай холбогдуулан зам, даваа нээх, малчдад өвс, тэжээл татахад зориулж улсын нөөцөөс 30 тонн шатахуун олгохоор болжээ.