УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганыг маргааш хааснаар энэ удаагийн парламентын хууль тогтоох ажил үндсэндээ шувтарч байна. Өнгөрсөн аравдугаар сард чуулганыг нээхдээ УИХ-ын дарга иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг онцлоод, “Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэх хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна” хэмээж байв.
Юуны түрүүнд энэ нь удтал гацсан “нүүрсний сонсгол”-ыг УИХ хийж, төрийг тойрсон их хулгайн эзэн, холбогдогчийг илчилж, хариуцлага тооцоход нэмэр, ахиц болох нь гэх итгэл төрүүлсэн юм. Ямартай ч УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг оны өмнө таван өдрийн турш зохион байгууллаа. Ингэхдээ эрх баригчид өрсөлдөгч намынхнаа голдуу дуудаж “байцаан”, өөрсдийнхөө хүмүүсийн толгойг илээд өнгөрсөн гэх шүүмжлэл бий. Мөн шинжээч нарын танилцуулсан тоо, мэдээлэл нь явцуу, гэрчээр дуудсан хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь эргэлзээ дагуулав.
Улмаар хянан шалгах түр хорооныхон өнгөрсөн долоо хоногт хуралдаж, сонсголын тайлан, санал, дүгнэлт, үүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг хаалттай хэлэлцжээ. Эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах байсан ч өнгөрөгч долоо хоногт амжсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгай”-г шалгах үүрэгтэй түр хорооныхон үнэлэлт, дүгнэлт, тайлангаа гаргаж, тогтоолын төсөл боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөхөөр тусгасан тогтоолын төслийг ирүүлээд байна. Ирэх (энэ) долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, түр хорооны санал, дүгнэлтийг сонсоно. Нүүрсний сонсголыг мартаж, хаяагүй. Үнэн, зөвийг тогтоон, шалгаж, ард түмний мэдэх эрхийг хангахын төлөө УИХ санаа тавьж ажиллах болно” гэхээс өөрийг хэлсэнгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэх бололтой.
Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАЛЬ
Түүнчлэн нийслэлийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа өнгөрсөн намар буюу ээлжит чуулганыг нээх үеэр нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, өнөөдөр ч дорвитой шийдэж чадаагүй “ногоон автобус”-ны хэргээс авхуулаад газрын наймаа, тусгай зөвшөөрөл, тендер тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг шалгаж, шуурхай арга хэмжээ авахын тулд хяналт шалгалтын түр хороог яаралтай байгуулж, хариуцлага тооцох ёстойг УИХ-ын дарга хэлж байлаа. Харамсалтай нь, Г.Занданшатар дарга хэлснийхээ эсрэг ажиллаж, түр хороо байгуулахад тээг, тушаа болов. Ногоон автобусыг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ дахь сөрөг хүчнээс гаргаж, түүнийг нь нэр бүхий 25 гишүүн дэмжин, гарын үсэг зурсан төслөө УИХ-ын даргад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр уламжилсан ч хойш тавьсаар өнөөдрийг хүргэв.
Гэтэл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог заавал ажиллуулахаар хуульчилсан байдаг. Улмаар гишүүд тогтоолын төслөө өргөн барьсан тохиолдолд дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасныг зөрчиж, хав дарлаа. Харин цөөнхийн зүгээс энэ удаагийн ээлжит чуулганыг хаахаас өмнө түр хороо байгуулахгүй бол УИХ-ын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд “өгнө” гэж мэдэгдсэнээр сая хэлэлцэх асуудлын дараалалд багтаах нь тэр.
Хянан шалгах түр хороо байгуулах тухай уг тогтоолын төслийг маргааш чуулганыг хаахаас өмнө хэлэлцэх юм. Гэвч түр хороог чуулганыг хаахын өмнө байгууллаа гээд үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Хуульд зааснаар хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар ажиллуулах ёстой бөгөөд ирэх гуравдугаар сард хаврын чуулган эхэлсний дараа сонгууль угтсан шоу, эх, адаггүй үргэлжлэх хэрүүл, талцал, улстөржилттэй хамт үйл ажиллагааных нь утгыг алдагдуулахаа тооцсон биз ээ, эрх баригчид. “Ногоон автобус”-ны хэрэгт нийслэлийн өмнөх удирдлага, найман жилийн турш бүх эрх мэдлийг атгаж буй Ардын намынхан л буруутай шүү дээ.
Ташрамд дурдахад, тэд АН-ынхны санаачилсан төслийг хэлэлцэхэд хойрго хандах атлаа өөрийн намын гишүүдийн байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэгтэй түр хорооны ажиллах хугацааг сунгаад амжсан билээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг төдийлөн нээлттэй бус байлгаж, яаравчлан баталчихсан юм.
Ер нь үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй намынхан парламентын бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд өөрсдөдөө ашигтай, давуу тал бий болгосон хууль, тогтоол цөөнгүйг “үйлдвэрлэжээ”. Мэдээж сонгуулийн жилийн төсвийг тооцоо, судалгаа муутайхан баталж, сонгуулийн тойрог, мандатыг МАН-д ээлтэй байхаар хуваариллаа. 20 гаруй жилийн өмнө баталсан ч хэрэгжүүлээгүй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг сүүлийн найман жилийн турш эрх барьсан намынхан гэнэт мэргэн санаа гаргаж, сонгуулийн тойргийг томсгохдоо “ашиглав”. Нэгэнт “бүсчилсэн хөгжил” гэж ярьсан учраас бүх зүйлийг үүнтэй холбож, тухайлбал, Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах болон Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьсныг нь нэн даруй хэлэлцэн, алх цохилоо.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлах нь. Тус компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зэрэг заалт бүхий эл тогтоолыг шийдвэр гаргагчдын сонгууль угтсан арга хэмжээний нэг хэсэг гэж харахаас өөр аргагүй. Сонгогчдын саналыг энэ мэтээр худалдан авах “ажиллагаа”-г анх эхлүүлж, гардан зохион байгуулагчдын нэг, Ерөнхий сайд асан С.Баяр “2008 оны сонгуульд АН нэг сая төгрөг амлахад бид хариуд нь 1.5 сая гэж зарласан. Сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө Ц.Элбэгдоржтой атгалцсан нь үнэн. Гэхдээ тэд эхэлж, бид хариу барьсан гэж өөрийгөө зөвтгөх юм алга. Миний, бид бүгдийн буруу байж. Ирэх сонгуульд мөнгөөр биш, зөв бодлого, шийдлээрээ өрсөлдөөрэй” хэмээн сануулахын сацуу уучлал эрсэн шүү дээ.
ТОМИЛГОО, ТОДОРХОЙГҮЙ ҮЛДСЭН ТӨСЛҮҮД
Мөн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийн шүүх байгуулах хүртэл энэ төрлийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй байх агуулга бүхий тогтоол өргөн бариад буй. Сонгууль дөхсөн энэ үед авлигын шүүх байгуулан улс төрчид бие биеэ, одоогийн нөхцөлд эрх баригчид АН тэргүүтэй сөрөг хүчнийхэн, өрсөлдөгчдөө намнах, өөрсдийнхөө хууль бус үйлдэл, хахууль, авлигыг нууж, бүдгэрүүлэн, ял завших “цоорхой” гаргах гэж байна хэмээх шүүмжлэлийг өргөн барьсан цагаас нь өөр бусад намынхан, олон нийт хэлж, шаардсан юм. Тиймээс ч эл төслийг батлах гэж тэгтлээ улайрч зүрхлэхгүй байх шиг.
Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн сум болон дүүрэгт л ИТХ-ын сонгууль явуулдаг болгох санаархлаа эрх баригчид амжуулж чадсангүй. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр удтал талцсаны эцэст батлалгүй намрын чуулганыг дуусгах нь. Уг төслийн хэлэлцүүлгээс хоёр ч удаа завсарлага авах цөөнхийн бүлгийнхний хүсэлтийг УИХ-ын дарга ёсоор болгосон бөгөөд тэрбээр “Аливаа хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тухайн асуудлаар нэгдмэл байр суурь, зарчимтайгаар УИХ-д оруулж ирэх шаардлагатай. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас олон нийт, иргэний нийгмийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, хагаралдуулдаг, зөрчил үүсгэдэг байдлыг таслан зогсоох ёстой” хэмээн сануулсан юм.
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн. Үүнийг хууль тогтоогчид хүлээн зөвшөөрөөгүй ч энэ удаагийн ээлжит чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг УИХ нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилсон юм. Цэцийн гишүүдийг хэзээ шинэчлэх вэ гэдэг асуулт багагүй хугацаанд хариулт нэхсэн ч нээлттэй сонсгол явуулахтай холбоотой заалтыг түдгэлзүүлсэн үед гэнэт тэднийг томилсон нь бас сонирхол татаж буй. Үүнээс гадна УИХ-ын удирдлагын шахалтаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчилж, Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүнийг чөлөөлж, томилоод байна.