Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар тус тус танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.5.-т “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана”, 4.5.8.-т “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж заасны дагуу төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байлаа.
Элчин сайдын яамдыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Мөн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн байна.
Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж хариулт авсан бөгөөд гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Узбекситан нь Төв Азийн улс дотроо нөлөө бүхий эрчимтэй хөгжиж байгаа улс. Монгол Улсаас европруу цаашлаад Төв Азийн орнууд болон түүгээр дамжин Ойрх Дорнод руу гарах хамгийн дөт гарц тул тун удахгүй бид тус улстай авто болон агаарын тээврийн хэлэлцээр байгуулна. Ингэснээр Ташкентруу шууд нислэг хийж, Хятадаар дамжаад Узбекистан улсруу автотээвэр хийдэг болно. Бид тус улс, төв ази, ойрхи дорнодын орнуудруу мах махан бүтээгдэхүүн хүргэх, тус улсаас жимс жимсгэнийг хямдаар оруулж ирэх зэргээр хоёр орны худалдааг хөгжүүлэхэд Монгол Улс Элчин сайдын яамаа нээн ажиллуулах нь тун чухал ахлам гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс нийт хэчнээн дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж байгаа болон салбарын яамнаас энэ талаар баримталж буй бодлогыг лавлахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улс нийт 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 32 нь Элчин сайдын яам, хоёр нь Байнгын төлөөлөгчийн газар, ес нь Ерөнхий консулын газар, гурав нь Консулын газар байна. Тэдгээрийн нийт төсөв нь жилдээ 42.4 сая ам.доллар бөгөөд Узбекстан улсад нээх Элчин сайдын яамны хувьд жилийн 355809 ам.долларын төсөвтэй. Манай дипломат алба маш цөөхөн хүнээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашдаа гадаад харилцаагаа хөгжүүлье гэвэл дипломат төлөөлөгчдийн газрыг өргөжүүлэх, хүний нөөцөө бэхжүүлэх, дипломатуудынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримтланажиллаж байна” гэж хариулж байлаа.
Ингээд “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.0 хувь нь дэмжсэн юм.