УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товтой холбогдуулан гишүүд үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаас хасъя гэсэн саналаар санал хураалт явуулна гээд нүүрсний сонсгол зохион байгуулагдаж, нүүрсний хулгайг шалгах үүрэг бүхий Түр хороо үнэлэлт, дүгнэлт, тайлангаа гаргаж, тогтоолын төслөө боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоолын төслийг ирүүлсэн. Ирэх 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Түр хорооны санал, дүгнэлтийг сонсоно. Нүүрсний сонсголыг мартаж, хаясан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө, ард түмэнд мэдэх эрхийг хангаж, сонсогдсон, яригдсан зүйл үнэн, бодит эсэхийг шалгахын төлөө Улсын Их Хурал санаа тавьж ажиллах болно гэсэн юм. Түүнчлэн аливаа хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн барьж мэдүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тухайн асуудлаар нэгдмэл байр суурьтай, нэгдсэн зарчимтайгаар хэлэлцүүлэхээр орж ирэх шаардлагатай байгааг онцлоод Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, иргэний нийгмийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, хагаралдуулдаг, зөрчил үүсгэдэг байдлыг таслан зогсоохыг сануулав.