Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хасахыг шаардав. Тэрбээр, намрын ээлжит чуулган завсарлах тун дөхсөн энэ үед чухал, гол асуудалд анхаарал хандуулцгаая. Халзан бүргэдэйн орд газрын асуудлаар Засгийн газарт асуулга тавиад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч сураггүй болсон. Цаг үеийн чухал асуудлыг авч хэлэлцэхгүй байгаадаа дүгнэлт хий, чуулган завсарлах хугацаа тулчихлаа гэв.
Улсын Их Хурлын гишүүн Пүрэвдорж, үнийн өсөлт хэрээс хэтэрч, иргэдийн аж амьдрал ядууралд өртөж байхад Засгийн газраас арга хэмжээ авахгүй байна. Банкны салбараас гарсан зээлийн дийлэнх хувь нь хэрэглээний зээл эзэлжээ. Энэ нь иргэдийн цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, хуримтлалгүй болсныг илтгэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй, шаардаж байна гэсэн юм.