Олон улсын тусгай олимп нь хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх зорилготой. Монголд тусгай олимпын хороо байгуулаад 10 жил болж буй. Тус хорооны манлайлагч тамирчин Н.Сарандагина, залуу манлайлагч, сайн дурын ажилтан А.Акмарал нар тусгай олимпын Зүүн Азийн бүсийг төлөөлж, олон улсын тусгай олимпын Залуу манлайлагчдын зөвлөлд гишүүнээр сонгогджээ. Түүнчлэн манлайлагч тамирчин Э.Хатанболор, ментор П.Энхсаруул (“Монгол тэмүүлэл” хамтарсан сургуулийн багш) нар Зүүн Азийн бүсийн 2023-2025 оны элч төлөөлөгчөөр томилогдсон нь онцлох үйл явдал болсон юм.
“Тусгай олимпын манлайлагч тамирчин” хөтөлбөрийн хүрээнд 15-25 насны тамирчин, сайн дурын залууст зориулсан “Манлайлагч тамирчин-2024” сургалтыг өчигдөр эхлүүлэв. Өнөөдөр өндөрлөх уг сургалтын гол зорилго нь оюуны онцлогтой хүүхэд, залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх замаар нийгмийн хандлагыг өөрчлөх юм байна. Улмаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм бүрдүүлэхийн төлөө хамтдаа манлайлж, үлгэрлэн, нөөц боломжоо хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх аж.
Төслийн хүрээнд Монголын тусгай олимпын хорооны ТУЗ-ийн дарга В.Ганзориг“Эерэг хандлага-урам зориг”, MARS-V төслийн модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан “Манлайлагч гэж хэн бэ. Манлайллын шинж чанарууд”, сургалт хариуцсан менежер Э.Агиун “Оюуны онцлогийн тодорхойлолт” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн олон улсын тусгай олимпын Залуу манлайлагчдын зөвлөлийн гишүүн, манлайлагч тамирчин Н.Сарандагина, залуу манлайлагч А.Акмарал нар туршлагаасаа хуваалцав.
Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 47, 63, 70, 93, 130 дугаар, “Гүн Галуутай”, “Монгол тэмүүлэл”, Монгол, Оросын хамтарсан III сургууль, МУИС, АШУҮИС, СЭЗИС-ийн15-25 насны хүүхэд, залуус хамрагдсан байна. Тэд ялгаварлан гадуурхалтгүй, хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгмийн төлөө хувь нэмрээ оруулах боломжуудын талаар мэдээлэлтэй болох аж. Түүнчлэн бичил төсөл хэрэгжүүлэх эрхтэй болох гэнэ.