“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин тус тус танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд 42 гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний амь нас, аюулгүй байдлыг, 357.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Шадар сайд танилцуулав.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм байна. Эдгээр автомашинуудыг авснаар онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна хэмээн үзэж байгаа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. Онцгой байдлын байгууллагын техникийн шинэчлэлийг дэмжиж байгаа бөгөөд тус байгууллагын дэд бүтцийг бэхжүүлэхийн чухлыг Д.Өнөрболор гишүүн тайлбарлаад тусгай зориулалтын дронтой болох, 2023 онд нийслэлийн хэмжээнд БНСУ-аас авах гал унтраах тусгай зориулалтын автомашины нийлүүлэлтийн талаар тодрууллаа. Онцгой байдлын байгууллагын гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт улсын хэмжээнд 59 хувь, нийслэлийн хэмжээнд 55 хувьтай байгааг ажлын хэсгээс мэдээллээд “Ашиглалтын хэрэгцээ, шаардлага, нөхцөлөөс үүдэн парк шинэчлэл хийж байх шаардлагатай байдаг. Улсын хэмжээнд гал унтраах анги, нэгжтэй 30 сум бий. Аймгийн төвөөс алслагдсан сумдад хүрч ажиллахад төвөгтэй. Нийслэлийн хувьд хот төлөвлөлт, замын түгжрэлд орох тэргүүтэй цаг хугацаа алдах асуудал үүсдэг. Тиймээс хүн амын төвлөрөлтэй суурин газруудад онцгой байдлын байгууллагын хүн эрэх хайх, аврах анги, нэгж байгуулах, орон тоо нэмэх, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэх хэрэгцээ бий” гэлээ. Нисгэгчгүй тоног төхөөрөмж буюу тусгай зориулалтын дронтой болох чиглэлээр тодорхой санаачилгууд гарган, ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Зээлийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа төхөөрөмжийн чанарын талаар Г.Ганболд гишүүн тодруулж, сонголтыг манай талаас хийсэн эсэхийг лавлав. Нийслэлийн хэмжээнд байгаа өндөр барилгуудад гал түймэр гарах тохиолдолд аврах ажиллагаа явуулах, 42 метрээс илүү урт сунах шат бүхий түймэр унтраах техник сонгох боломж бий эсэхийг асуулаа. Төслийн хүрээнд Францын автомашин үйлдвэрлэгч “Рено”-гийн шинэ, гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг зах зээлийн ханшаас 200-300 мянган ам.доллароор хямдаар нийлүүлж байгаа аж. Харин гал унтраах хөөс нь дундаж үнэтэй гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Нийслэлд 9 давхараас дээш өндөртэй 198 барилга байгаа бөгөөд төслөөр авах 42 метрийн урт шаттай гал унтраах машинаар 12-15 хүртэлх давхар барилгад гал түймэр унтраах боломжтой гэв. Үүнээс урт шаттай, хүчин чадал өндөртэй тусгай зориулалтын автомашиныг 2 улсад л үйлдвэрлэдэг, ашиглах тохиолдолд тусгай орон зай шаарддаг болохыг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, онцгой байдлын байгууллага ямар нэг тусламж, ажиллагаа явуулах үед хот төлөвлөлтөөс үүдэн үүсдэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах саналыг хэлж байв. Түүнчлэн онцгой байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг тухайлсан үйлдвэрлэгчээс авахаар Засгийн газрын түвшинд урт хугацааны гэрээ байгуулан ажиллах бодлогын шийдэл гаргах, улмаар нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагын талаар хэллээ.
Улсын Их Хурлын гишүүд асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийг соёрхон батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 78.4 хувь нь дэмжиж, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг хуралдаанд танилцуулсан юм.
Мөн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж буй аж.
Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зуржээ.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Шадар сайд танилцуулав.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт болон хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг орон нутаг дахь онцгой байдлын байгууллагуудын нэгжийг байгуулах талаар, Д.Өнөрболор гишүүн онцгой байдлын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, дэвшилтэт техникийг үйл ажиллагаандаа ашиглах шаардлагын талаар тодруулсан бол Н.Ганибал гишүүн орон нутаг дахь түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 53 гишүүний 42 нь дэмжиж, батлав. Иймд Улсын Их Хурлын дарга хуулийн эцсийн найруулгын нэгдсэн хуралдаанд танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах газраас мэдээллээ.