Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг 2024 оны сонгуулийн даргаа хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний хариуд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-өөс эхлээд намайг Хятадын эрлийз, хурлыз гэх мэтээр харлуулж, гүтгэж эхэлсэн. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгох гэж байна хэмээн гүтгэсэн. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр ил боллоо. Тэр эзэн нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байх шаардлагыг УИХ-д тавьсан. Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед Сангийн сайдын томилгооноос эхлээд миний өргөн мэдүүлсэн хуулиуд долоон удаагийн хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хоригоо тавьж байх шиг байна.
Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой хэд хэдэн зүйлийг хэлье.
Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Монголд их хөрөнгө оруулалт орж байж л хөгжинө. Улс хөгжиж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад ажиллаж байгаа мянга мянган залуус Монголдоо ажиллах боломж нь бүрдэнэ. Иймээс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ нэлээд олон хэлэлцүүлгийг хийж байж оруулж ирсэн.
Гадны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурч үр өгөөжийг нь хүртэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай эмнлгүүд мөн орж ирээсэй гэж хүсдэг. Тэгвэл гадаадад өндөр зардлаар эмчлүүлдэг явдал багасна. Ингэж байж Монгол Улс хөгжинө.
Би Ардчилсан намыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явдаг байсан. Гэтэл би өнөөдөр харамсаж байна.
Гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх гэж байгаа гэх асуудлаар тайлбар хийе. 1993 оны хуулиар 60 жилээр газрыг ашиглуулна түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэдгийг хуульчилж өгсөн. 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталж байсан. Дараа нь 2013 онд Ц.Элбэгдоржийн үед энэ хуульд өөрчлөлт орж "газрыг хөрөнгө оруулагч нарт 60 жилээр ашиглуулж,эзэмшүүлж болно" гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эзэмшүүлэх гэдэг үг нэмсэн. Энэ бүгдийн захиалагч нь Х.Баттулга. Тухайн үед Засгийн газрын сайд байсан. Өнөөдөр залруулах гэж байхад гүтгэх ажиллагааг зохион байгуулж байна. Бидний оруулж ирсэн хуульд газрыг эзэмшүүлэх гэдэг үгийг хасаад ашиглуулах болгох гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.