Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогч та зөвхөн тойрогтоо өрсөлдөж буй нэр дэвшигчдэд санал өгөөд зогсохгүй, 48 хүртэлх хүний нэр бичсэн жагсаалтыг харж, сонжсоны эцэст тэднийг нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эсвэл эвслээс нэгийг нь сонгож, дугуйлах юм. Та 2012 оны сонгуулийн санал хураалтад оролцсон бол тухайн үед 28 хүний нэр бичсэн нам, эвслийн жагсаалтаас аль нэгийг нь сонгож байсантай зарчмын хувьд ижил гэсэн үг. Харин 10 гаруй жилийн өмнө ийм жагсаалт үйлдэж, хэн, хэнийг багтаах вэ гэдгийг шийдэж байсан арга барилаасаа нам, эвслүүд, тэдний удирдлага нь одоо татгалзаж, огт өөр хандлага гаргах шаардлагатай.
Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж зэрэг тухайн үедээ парламентад дөрөв дэх удаагаа сонгогдоод байсан гишүүд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын хамт намынхаа жагсаалтын эхний зургаад бичигдсэн байдаг. Үндсэндээ хамгийн эрх мэдэлтэй, олон удаа сонгогдсон ахмад гишүүд нь жагсаалтыг өнгөлсөн хэрэг.
Энэ удаа нэр дэвшигчдийг хүйсийн хувьд сөөлжлөн байршуулахаар хуульчилсныг эс тооцвол тэр үед ч, өнөөдөр ч эл жагсаалтыг гаргахдаа ямар зарчим баримтлах тухай тодорхой зохицуулалт хуульд нь алга. Үндсэндээ жагсаалтад хэнийг багтааж, тойрогт ямар хүмүүсийг илгээх вэ гэдэг нь тухайн намын дарга, түүнд ойр тойрон хүрээлэгчдийн гаргадаг шийдвэр хэвээрээ байгаа.
Энэ жилийнх шиг холимог тогтолцоогоор явуулсан 2012 оны сонгуулиар 13 нам, эвсэл жагсаалтаа танилцуулсан ч дэвшүүлэх ёстой 28 мандатаа “дүүргэсэн” нь ердөө АН, МАН л байв. “Гурав дахь хүчин” эвсэл 26, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН тус бүр 24 нэр дэвшигчтэй жагсаалт гаргасан бол Эх орончдын нэгдсэн намынх ердөө ганц хүнтэй буюу тус намын дарга Н.Ганбат ганцаараа өрсөлдсөн юм. Өөрөөр хэлбэл, горилогчдынх нь тоо барагдахгүй, баахан хүн өрөөнийх нь үүдийг сахиж суудаг намын даргад ч, нэр дэвшүүлэх гэхээр өөрөөс нь өөр хүн олддоггүй намын даргад энэ нь хэцүүхэн ажил байдаг нь илт. Гэхдээ тойрог тойглож, сонгогчдодоо таалагдахын тулд хэл, хөлөө дөнгөлүүлж, үзэл бодол, байр суурианаасаа буцах эрсдэл “жагсаалтынханд” үгүй тул улс орны хөгжил дэвшлийн гарцыг томоор харж, зурж чадах, итгэл даах, нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг олж дэвшүүлэх нь аль ч намын даргын хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ ажлыг одоо л биш бол хэзээ ч хийж чадахгүй. Улс төрийн өв биш, өр тавьж, хулгай хийдэг хүмүүсийн цуваа үргэлжлүүлсээр л байна.
Үүнийг ч тэд мэдэрч буй нь лав. Тухайлбал, өнгөрсөн хавар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх, эсэх мэтгэлцээн өрнөх үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жагсаалтдаа нэр муутай хүмүүс оруулсан нам шууд ялагдах ёстой. Өнгөрсөн 30 жилд үүссэн авлига, ашиг сонирхлын зөрчил, ил, далд лоббийг арилгах эхлэл, хөрс суурь нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал” хэмээсэн удаатай. Ингэж хэлснийх нь төлөө түүнээс ам асууж, үгээ үйлдэл болгох, эсэхийг нь харж, шаардах ёстой. Жишээ нь, ЖДҮХС-гаас авхуулаад Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлж, улс төрийн дэмжлэг үзүүлсээр байх нь уу гэдгийг анхааралтай ажиглах учиртай. Цаашлаад хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, хэрэгтэн, яллагдагч гэсэн нэр зүүгээгүй ч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой хөрөнгөөс ойр дотнынхондоо хуваарилуулчхаад шүүмжлэл, дуулиан дэгдэхээр “Төлчихсөн шүү дээ” хэмээн хээвнэг хэлдэг хүмүүстээ ёс зүйн хариуцлага тооцох ёстой.
Уг нь Хөгжлийн банкны гэх хэргийн дуулиан дэгдсэний дараа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан, хугацаанд нь эргүүлэн төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байв. Гэхдээ эрх баригч намынхан хэнд, ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, энэ төрийн үед нүүрлэсэн их, бага олон хулгайд хутгалдаагүй хүнгүй шахам болчхоод буй өнөөгийн нөхцөлд тэд өөрсдөдөө шударга хандаж чадах уу. Нэр цэвэр залуучуудаар эгнээгээ тэлж буй ХҮН зэрэг намынхантай өрсөлдөхийн тулд тэд хүссэн ч, эс хүссэн ч хуучин арга барилаа орхих ёстойг эрхбиш ухаарч буй гэж найднам.
Эрх баригч намын дарга өнгөрсөн жил орон нутагт ажиллахдаа жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдсэн. Мөн эмч, багш зэрэг нийгмийн бүлгийнхнээс ч багтаахаа зарласан билээ. АН-ын дарга Л.Гантөмөр бас л боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх мэтээр салбар салбарынхны төлөөллийг жагсаалтад оруулах бодлого баримтлахаа илэрхийлээд буй. Гэвч энэ нь олны танил болчихсон, салбартаа “поп” гэдгээ мэдрүүлчихсэн хүмүүсийн төрд шургалах нүх, сүв болох учиргүй. Хавдарт дарлуулж, өвчний өмнө өвдөг сөгдсөн монголчуудын горьдлого дээр дөрөөлж сонгогдсон эмч, сэтгүүлч гэдгээрээ дэмжүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний түүчээ болно хэмээн итгэл хүлээлгэсэн хөтлөгч гэх мэтээр мэргэжил, салбарынхаа нэрээр УИХ-д орж ирчхээд хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, юу ч хийгээгүй гишүүн одоогийн парламентад цөөнгүй бий. Тухайн салбарын, зовлон, жаргалыг нь мэддэг хүнийг сонгох замаар тулгамдсан асуудлыг нь тодорхойлоход оролцуулж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулахын тулд нийгмийн бүлгүүдийн төлөөллийг нэр дэвшүүлэн дэмжиж буй гэдгийг улс төрийн намынхнаас гадна сонгогчид ч ойлгох нь чухал.
Уг нь намын жагсаалт бол дарга, сайд нар гэхээс илүүтэй шилдгүүдийг багтаасан, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэгтгэсэн цогц сонголт байх ёстой. Харамсалтай нь, 2012 оны сонгуулиар МАН-ын жагсаалтад багтсан 28 хүний 11 нь УИХ-ын гишүүн, тэднээсхоёр нь сайдын “давхар дээл”-тэй байв. Харин АН-ын жагсаалтад УИХ-ын долоон гишүүн байсан юм. Нөлөө бүхий хоёр намаас гадна МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намын жагсаалтыг дарга нар нь тэргүүлж байв. Ер нь том гэгддэг хоёр намын жагсаалтыг намын удирдлагууд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, зөвлөхүүд, төрийн болон намын байгууллагын дарга нарын нэрээр дүүргэсэн түүхтэй.
Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж зэрэг тухайн үедээ парламентад дөрөв дэх удаагаа сонгогдоод байсан гишүүд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын хамт намынхаа жагсаалтын эхний зургаад бичигдсэн байдаг. Үндсэндээ хамгийн эрх мэдэлтэй, олон удаа сонгогдсон ахмад гишүүд нь жагсаалтыг өнгөлсөн хэрэг. Энэ хэрээр шинэ, залуу улс төрчид жагсаалтын сүүл рүү “шидэгдсэн” гэсэн үг. Сонирхуулахад, өнөөгийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед намынхаа нарийн бичгийн даргын хувиар 32 настайдаа жагсаалтын 11 дүгээрт бичигдэн өрсөлдсөн нь тэдний хувьд залуусын төлөөлөл гэж хэлж болох ганц хүн нь байв.
Ингээд сонгуулийн дүн гарч, тус намд өгсөн сонгогчдын саналыг хувь тэнцүүлэн тооцоход МАН-ын жагсаалтын эхний есөн хүн УИХ-ын гишүүн болсон юм. Харамсалтай нь, тэдний дунд нэг ч эмэгтэй байгаагүй. Харин У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, парламентыг орхисноор жагсаалтын аравдугаарт бичигдсэн Д.Сарангэрэлийг оронд нь нөхөн сонгосон юм. Тухайн үеийн МАН-ын жагсаалтад түүнээс гадна Ц.Гарамжав, Б.Ундармаа, Б.Долгор, Ж.Цолмон, Б.Батцэцэг, В.Удвал, Д.Энхчимэг, Ж.Сауле, Г.Мөнхцэцэг нарын есөн бүсгүй байсан ч бүгдийг нь 10-аас хойш жагсааж, нөхөн сонгуулиар нэг нь л УИХ-ын гишүүн болсон нь энэ. АН-ын хувьд жагсаалтынхаа долоодугаарт Р.Бурмааг эрэмбэлсэн бөгөөд аравдугаарт бичигдсэн М.Батчимэгийн хамт УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Гэсэн ч тус намынхан жагсаалтдаа нийт есөн эмэгтэйг оруулсан нь МАН-ынхаас цөөн үзүүлэлт төдийгүй бас л бүсгүйчүүдийг сүүлд “тавьсан” түүхтэй.