Хүннү гүрний эзэн хаан Модун шаньюү “Газар бол улсын үндэс” гэж хэлсэн нь бий. Бас “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж Галдан бошигтын хэлсэн үгийг сонсоогүй, мэддэггүй хүн гэж үгүй. Эртнээс уламжилж ирсэн энэ үгийг Үндсэн хуулиараа баталгаажуулж, зургаадугаар зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж хуульчилсан билээ. Гэтэл цэг өвгөдийн сургаал, Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчиж гадаадынханд газар эзэмшүүлэх явдал . Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Шадар сайд нь хууль батлуулж, гадаадынханд газар эзэмшүүлэхээр зүтгүүлэх болсныг ч ард түмэн анхааралтай харж, нэлээд хэсэг нь эсэргүүцэж байна.
БНХАУ-ын иргэн Као Шанлигийн эзэмшлийн “Силвер титан интернэйшнл” ХХК-ийн Цагаанхаданд эзэмшиж буй 13 га газрыг Б.Наранболд Үүрцайх гэдэг хүнтэй наймаалцаж, 200 саяар авч, өгөлцсөн гэх. “Ийзи транспорт” ХХК-ийн эзэмшдэг 14.5 га газрыг 450 сая төгрөгөөр Хосбаяр гэх хүнд Б.Бадраагийн хүү борлуулсан байх юм. “Соронзонговь” компанид олгосон 20 га газрыг мөнөөх Б.Наранболд 700 саяар өвөрлөгч иргэн Дайчинд борлуулсан гэх. Эл хоёр хүн “Лилия гарден” ХХК-ийн эзэмшдэг 10 га газрыг 650 сая төгрөгөөр наймаалцсан тухай мэдээлэл ч бий юм. Эдгээр газрыг эзэмших зөвшөөрөл олгоход Б.Бадраагийн нөлөө, оролцоо байсан учраас яллагдагчаар татсан байдаг.
Гадаадын хөрөнгө оруулагчид буюу уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гарчхаад байхад Шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын зүтгүүлж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” заалт оруулсан нь эсэргүүцэлтэй тулгарахын зэрэгцээ газар нутгаа худалдаж буй эрх мэдэлтнүүдийг хариуцлагаас чөлөөлүүлэх гэж буй юм биш биз гэсэн хардлага ч төрүүлэх болов. Хэдийгээр газар эзэмшүүлэх болон ашиглуулах нь хоорондоо ялгаатай ойлголт ч эрх мэдэлтнүүд санаатайгаар уу, эсвэл санамсаргүйгээр үү гадаадынханд эзэмших эрх олгочхоод байгаа юм. Газрын тухай хуульд зааснаар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд мэдэлдээ байлгаж үйл ажиллагаа явуулахыг хэлэхээр буй. Газар эзэмших эрх нь дотроо ашиглаж болох ойлголтыг давхар агуулж байдаг учраас зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад л ийм зөвшөөрөл олгох зохицуулалттай.
Харин газар ашиглуулахад гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн хэнд ч уг хуулиар зөвшөөрдөг. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд, гадаад орны дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ч ашиглуулах зөвшөөрөл олгож буй билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал нарыг яагаад газар зарсан гэж буруутгаж байгааг уншигчид сонирхож буй нь лавтай.
Б.БАДРААГИЙН АРААС Ш.ЭРДЭНЭЖАРГАЛ ХИЛЭЭР ГАРАХААР БЭЛТГЭЖ БАЙСАН ГЭВ ҮҮ
УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаанхад суурьшлын бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын иргэдийн нэр дээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь илэрхий болсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн даргалдаг ҮАБЗ-өөс Засгийн газарт чиглэл өгч, эл асуудлыг шалгуулж эхэлсэн билээ. Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шинээр хэрэг нээн яллагдагчаар татаж шалгах болсон.
Тодруулбал, Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор дээрх гурван хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд үүн дээр нэмж ямар албан тушаал эрхэлдэг, хэн гэдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ нэр дурдсан гурван хүн харийнханд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгоход гол зохион байгуулагч, шийдвэр гаргагч гэдэг нь тодорхой болсон юм. Харамсалтай нь, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийнхэн Б.Бадраад авсан хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчилснөөр тухайн яллагдагч биеэ эмчлүүлэх нэрээр хил давж алга болчхоод буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрэн сурвалжлуулж ч болзошгүй нөхцөл байдалтай болсон.
Түүнийг хилээр орж ирсэн даруйд цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Харин Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг шинэ оны өмнөхөн буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар цагдан хорихоор болж, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.1, 14.9-1.3 дахь хэсгийг үндэслэн цагдан хорьжээ. Бидэнд олдсон мэдээллээр Ханбогд сум дахь Сум дундын шүүхийнхэн Ш.Эрдэнэжаргалын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, тэрбээр гадаад руу явахаар бэлтгэж байсан тухай мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсэн учраас цагдан хориулахаар болсон гэнэ.
Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал, Б.Бадраа нарын 11 хүнд холбогдох, өмнө нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд байсан хэрэгт нэмэлт ажиллагаа давхар хийлгэж байна.
Б.НАРАНБОЛДЫН КОМПАНИ ХЭРХЭН ГАЗАР ЗАРЖ БАЙВ
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадрааг 2021 онд ИТХ-ын даргаар ажиллаж байхад нь ЭЦА-ныхан Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн хамт шалгаж гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө хурааж авсныг зарим уншигч санаж буй биз ээ. Тухайн үед Б.Бадраагийн хүү Б.Наранболдыг цагдан хорьж байв. Тэднийг мөн л Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн мөрдөн байцаалт явуулж байсан юм.
УИХ-аас 2002 оны зургаадугаар сард баталж, өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөж буй Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”. 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэх заалтыг зөрчин Б.Бадраагийн хүү Б.Наранболд газар эзэмших олон гэрчилгээг Ханбогдын Засаг дарга нараар гаргуулж гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хэнд худалдсан аж. Уг нь бол дээрх хуульд зааснаар Засаг дарга газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа зохион байгуулах, төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэх ёстой атал аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга Б.Бадраагийн нөлөө, ятгалгаар Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нар Цагаанхад суурьшлын бүс дэх гаалийн хяналтын талбайд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд газар олгох захирамж гаргасан байдаг.
Харин дунд нь Б.Наранболд зуучлан аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний мөнгө авсан нь тодорхой болсон гэнэ. Тухайлбал, Ш.Эрдэнэжаргал 2020 оны наймдугаар сарын 7-нд А/225 дугаартай захирамж гаргаж, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Ван Юи Ханы нэр дээрх “Фүжибит” ХХК-д Цагаанхад суурьшлын бүсэд 13.6, өмнөд хөршийн иргэний эзэмшлийн “Ийзи транспорт” ХХК-д 14.5, мөн оны есдүгээр сарын 29-нд А/249 дугаартай захирамжаар Као Шанли гэх хятад хүний эзэмшлийн “Силвер титан интернэйшнл” ХХК-д 13, тухайн оны арваннэгдүгээр сарын 5-нд А/295 дугаар захирамжаар Монгол Улсын иргэн З.Ганбатын эзэмшлийн “Бат орших баян” ХХК-д 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд А/364 дугаартай захирамжаар Б.Тамирзоригийн эзэмшлийн “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар, 2021 оны есдүгээр сарын 17-нд А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” ХХК-д Цагаанхаданд 10, мөн оны хоёрдугаар сарын 3-нд А/30 дугаартай захирамжаар Темел Мансур хэмээх эцсийн өмчлөгчтэй, Алтанбагана гэдэг, ӨМӨЗО-ы иргэн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Соронзонговь” ХХК-д 20, 2021 оны аравдугаар сарын 6-ны А/315 тоот захирамжаар С.Алимаагийн үүсгэн байгуулсан, БНХАУ-ын иргэн Ван Шулон хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй “Аз хур трэйвэл” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Нэр дурдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс “Ийзитранспорт”, “Силвер титан интернэйшнл”, “Лилия гарден”, “Соронзонговь”, “Фүжибит”, “Бат орших баян” ХХК-ийнхан Б.Наранболдоор дамжуулан газар авсан гэнэ. Тодруулбал, “Фүжибит” хэмээх гадаадын хөрөнгө оруулалттай компани Цагаанхаданд гаалийн хяналтын зориулалттай 13.6 га газрыг Б.Наранболдоос 550 сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл бий. Мөн БНХАУ-ын иргэн Као Шанлигийн эзэмшлийн “Силвер титан интернэйшнл” ХХК-ийн Цагаанхаданд эзэмшиж буй 13 га газрыгБ.Наранболд Үүрцайх гэдэг хүнтэй наймаалцаж, 200 саяар авч, өгөлцсөн гэх. “Ийзитранспорт” ХХК-ийн эзэмшдэг 14.5 га газрыг 450 сая төгрөгөөр Хосбаяр гэх хүнд Б.Бадраагийн хүү борлуулсан байх юм. “Соронзонговь” компанид олгосон 20 га газрыг мөнөөх Б.Наранболд 700 саяар өвөрлөгч иргэн Дайчинд борлуулсан гэх. Эл хоёр хүн “Лилия гарден” ХХК-ийн эзэмшдэг 10 га газрыг 650 сая төгрөгөөр наймаалцсан тухай мэдээлэл ч бий юм. Эдгээр газрыг эзэмших зөвшөөрөл олгоход Б.Бадраагийн нөлөө, оролцоо байсан учраас яллагдагчаар татсан байдаг.
Б.Бадраагийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл нь хүүдээ давуу байдал олгуулж, газар авч өгч заруулсантай холбоотой байх магадлал тун өндөр. Түүнийг хүүгийнхээ хамт “Ривер гарден” орон сууцын хороололд нэг бус орон сууц болон үйлчилгээний төв худалдан авсан гэдэг.