Сонгуулийн ерөнхий хорооныхон парламент дахь олонхын бүлгийн ээлжит хуралдаанд оролцож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл сонссон байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн сонгогчдодоо зөвхөн мэдээлэл өгнө, тайлангаа тавина. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ. Үүнийг 14 хоног болгож бууруулсан гэж зарим эх сурвалжаар мэдээлээд байна. Нэр дэвшигчид бүгд гарааны ижил нөхцөлөөс өрсөлдөнө. Олонд танигдсан хүмүүс нэр дэвшихэд давуу талтай гэсэн яриа олон нийтийн дунд байна. Гэтэл тэр хүн тухайн аймаг, дүүрэгтээ л гэхээс нэгдэн нийлж тойрог болж байгаа бүсийнхээ хэмжээнд хэр танигдсан бол. Тиймээс шууд давуу байдал үүсгэнэ гэж хэлэхэд хэцүү. Мөн эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө зориулан өөрчлөн баталсан гэж байгаа ч парламентад суудалтай гурван намын удирдах дээд байгууллага нь хуралдаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрээ гаргасан шүү дээ” хэмээн тайлбарлав.
Үүнээс гадна нүүрсний, Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага тооцох, эсэхийг тодруулахад эл асуудлыг намынхаа түвшинд жич хэлэлцэнэ гэдгийг хэллээ. Түүнчлэн гадаадын банк ажиллах орчин бүрдүүлэхийн тулд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн 2024 оноос мөрдөх зарим заалтын хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах агуулгатай төслийг Б.Баттөмөр нарын гишүүд санаачилжээ. Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасныг энэ оны эхнээс мөрдүүлэхээр хуульчилсан бөгөөд үүнийг хойшлуулах гэнэ.