АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд тус намын дарга Л.Гантөмөр оролцож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Мөн ногоон автобусыг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулахаар 25 гишүүн нэгдэн гарын үсэг зурж, УИХ-ын дарга Г.Занданшатарт сар гаруйн өмнө уламжилсан ч хэлэлцэхгүй байгааг онцлов. Иймд энэ удаагийн ээлжит чуулганыг хаахаас өмнө түр хороо байгуулахгүй бол УИХ-ын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд “өгөх” гэнэ.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн найман жилийн турш эрх барьсан Ардын намынхан Монголын эдийн засгийн тал хувийг нь улсын төсвөөс хамааралтай болгочихлоо. Ийм нөхцөлд гадаадынхан хаана, юунд хөрөнгө оруулах вэ. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг тендерт оролцохын тулд тэд авлига өгөх ёстой юу. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд төсвөө хумьж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээ жижиглэх шаардлагатай. Бүх зүйлийг төрд хурааж авчхаад ингэж ярьж байгаа нь сонгуулийн жилийг угтсан дүр эсгэсэн үйл ажиллагаа” гээд ирэх баасан гарагт эл төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө бүлгийнхээ байр суурийг нэгтгэнэ гэв.