Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр дахин хэлэлцлээ. Дахин хэлэлцсэн шалтгаан нь тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслахын хайхрамжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан өнгөрсөн оны наймдугаар сарын 10-нд уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-1 дэх заалтыг зөрчсөн байж.
Үүнээс болж шүүх нэг ажлаа хоёр дахь удаагаа хийсэн юм. Х.Оргил-Эрдэнэ ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон байдаг. Энэ үедээ Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан аж. Ингэхдээ З.Буяннэмэхээс “Бльюмон” оффис дахь “Даблью экс пи” ХХК-ийн албан өрөөнд Х.Оргил-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын сүүлчээр гурван сая төгрөг авчээ. Удалгүй “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсан юм.
Харин шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнгийн хувьд З.Буяннэмэхээс 600 000 төгрөгийн хахууль аваад, хилийн хоригийг нь түр хугацаагаар цуцлах шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон билээ. “Бурхан буудай групп” ХХК-ийн тэргүүн, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг ажил эрхэлж байсан, Тайландаас Хонконг руу нисэж байсан онгоцыг барьцаалахыг завдсан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож, 216 хүний амь аварсан гэх дуулианы эзэн З.Буяннэмэх “Жиансу Жунжиа Жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК-ийн захирлын албан тушаалтай байхдаа шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх ёстой байсан аж. Энэ үедээ хилээр гарах эрхээ хязгаарлуулчхаад шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгсөнюм билээ.
Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн нэгэн хүнд “Даблью экс пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахын тулд хурдан удмын адуу худалдан авсан 55 сая төгрөгийг нь төлөх аргаар, дараа нь 15 саяыгбэлнээр хахууль болгож өгсөн хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Буяннэмэхийн адууны төлбөр болон 15 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Оргил-Эрдэнэ, Д.Даваасүрэн нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон аж. Түүнээс хахууль авсан ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийг 20, шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнд 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, тус бүрийнх нь нийтийн албанд ажиллах эрхийгтаван жил хассан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн наймдугаар сард оноосон ялыг дахин шийтгэв.