Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг. Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм. Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар спорт менежмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулсан байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 19-нд Цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан аж. Ингэхдээ Б.Тамир тус компанийн захирал Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж буй юм билээ. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв. Есөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр барихаар төлөвлөсөн спорт цогцолбор өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Тамир нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлж буй гэнэ.