Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийг боловсуулсан Үндсэн хуулийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль, эрх зүйн үндэслэлийг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх Засгийн газрын судалгааг танилцуулсан юм.
Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ.
Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна хэмээн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.
Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сануулаад, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөрсдөө санал зөрөлдөж, улмаар унагах, гацаах явдал гарах болсон нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгааг Улсын Их Хурлын дарга анхааруулаад, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг хойшлуулав. Төслийг иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлж, тал бүрийн саналыг тусгаж ажиллахыг холбогдох байнгын хороонд үүрэг болголоо.