Дохионы хэлний видео дуудлагын үйлчилгээг зогсоожээ. “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-аас энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ынхан 2020 оны гуравдугаар сараас эхлэн “Дохионы хэлний видео дуудлага”- зайн дүрс ярианы орчуулгын үйлчилгээг санаачлан нийт 18 төрлийн орчуулгыг төрийн дэмжлэггүйгээр 2023 оны есдүгээр сар хүртэл тасралтгүй үзүүлсээр ирсэн. Цаашид уг үйлчилгээг үргэлжлүүлэх санхүүгийн боломжгүй болсон тул 2024 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.4-т сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст, мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг ТӨР-өөс бүрдүүлэн ажиллана гэж заасны дагуу энэхүү үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад уламжилна уу. Дохионы хэлний видео дуудлага үйлчилгээг зогсоосонтой холбогдон гарах үр дагаварыг манай байгууллага хариуцахгүй" хэмээн дурджээ.