Муу зуршлаас “салгах үүрэгтэй” электрон тамхи өсвөр үе, залуусын өдөр тутмын хэрэглээ болоод удлаа. +21 гэсэн заалттай ч үнэн хэрэгтээ дунд сургуулийн сурагчид түлхүү хэрэглэж, сургуулийн орчинд амандаа зуучихсан явах нь энгийн үзэгдэл болжээ.
Тэр ч бүү хэл саяхан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс хурааж авсан электрон тамхины зураг цахим орчинд шуугиан тарьсан. Тус постонд “Энэ зураг бол ганцхан удаагийн үзлэгээр сурагчдаас хурааж авсан электрон тамхи. Электрон тамхин дахь хорт хавдар үүсгэгч бодисын агууламж 3-5 дахин их байдаг. Манай Увс аймгийн хувьд тавдугаар ангиас эхлээд 12 дугаар анги хүртэл бүх насны хүүхдүүд энэ тамхийг татах нь илт ихсэж байна. Энэ бол аюул. Электрон тамхийг хилээр оруулж ирэхдээ цахилгаан бараа гэсэн нэрээр бүртгүүлдэг. Өнгөрсөн жил л гэхэд 1.2 сая ширхэгийг оруулжж ирсэн гэсэн тоо байдаг” хэмээжээ.
Электрон тамхи буюу вэйпийг тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэдэг ч энэ нь том төөрөгдөл юм. Учир нь АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн 70 хувь нь утаат тамхи татдаг хэвээр аж. Түүнчлэн тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байгааг зарим орны судалгааны үр дүн харуулсан байна.
Мөн электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайтад бичжээ.
Вэйп нь шингэнийг халааж аэрозолийг үүсгэн амьсгалд оруулдаг бөгөөд үүнийг вэйпинг гэж нэрлэдэг. Тухайлбал, электрон тамхи буюу вэйпний найрлага дахь глицерин, профилин глюкол зэрэг бодис нь 215-аас дээш градуст халах үедээ хорт хавдар үүсгэдэг нэгдэл болдог тухай олон улсын хавдрын эсрэг байгууллагуудын судалгаа байдаг байна.
Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгдөггүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд цөөнгүй бий. Жишээлбэл, ОХУ-д 12 настай хүүхэд электрон тамхи татаад нас барсан. Австрали улсад 15 настай охин электрон тамхи хэрэглэдэг байсан. Улмаар коронавирусийн халдвараар өвчилж нас барсан байна.
Манай улсын хувьд насанд хүрсэн иргэдийн 24.2 нь электрон тамхи хэрэглэдэг. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 нь татдаг гэнэ. Харин 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр 13-15 насныхан буюу өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ чамгүй өндөр үзүүлэлттэй байгааг дээрх судалгаа баталж, энэ асуудлыг анхаарах цаг болсон гэдэг дохио өгч буй.
Уг нь электрон тамхи зарж борлуулах, хэрэглэх талаар Тамхины хяналтын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарж, борлуулах хориотой гэсэн хуулийн заалт бий. Гэтэл ерөнхий боловсролын сургууль орчмын CU, GS мэтийн сүлжээ дэлгүүр болон захын хүнсний дэлгүүрт хүний нүдэнд ил өртөхөөр газар өрчихсөн, түүнийг нь сурагчид худалдаж авах нь энгийн үзэгдэл болчихжээ.
2022 онд БШУЯ-наас "ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү. Эцэг, эхүүд, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй” хэмээн анхааруулж байсан ч өдгөө сургуулийн орчинд хүүхдүүд электрон тамхи татаж, нэгнийгээ уруу татах замаар ашиглаж байна. Электрон тамхины хуулинд зохицуулалт хийж, худалдаалахгүй байх захирамжийг яаралтай гаргахгүй л бол ирээдүйг маань аймшигтай ирээдүй угтаж байх вий.