Иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой хэмээн нэгэн үе ард түмний дунд нэр хүндтэй байсан жагсагч, тэмцэгчдийн төлөөлөл бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар. Тэдний оройлсон жагсаал цуглаанд оролцож, үзэл бодлоо нэгтгэж явсан хүн ч цөөнгүй. Гэвч тэд 2008 оны долоодугаар сарын 1-ний гэх дуулиант хэргийн яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоныхоо дараа АН-ын нөмөрт шургах болсныг ч зарим хүн андахгүй. Шударга ёс ярьж, түүнийг шаардаж ард түмэнд таалагдах болсон тэд харин төрийн өндөр албан тушаал хаших болсныхоо дараа өөрсдөө ярьж хэлж байсан шигээ ажилласан уу гэдэгт ард түмэн дүнгээ тавьж, 2020 оны сонгуулиар төрийн түшээгээр сонгоогүй болов уу. Түүнээс хойш энэ хоёр “шударга тэмцэгч” АТГ-т эрүүгийн хэрэгт шалгуулж, нэг нь хэсэг хугацаанд цагдан хоригдож ч үзэв. Өөрөөр хэлбэл, 2008 оны долоодугаар сарын 1-ний гэх хэргээсээ хойш Ж.Батзандан дахин ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиар “үйлчлүүлсэн” билээ. Өдгөө тэдний холбогдсон эрүүгийн хэргүүд хэрхэж буйг бид нэхэн сурвалжилсан юм.
Ж.БАТЗАНДАНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ
УИХ-ын гишүүн асан, сүүлд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭН) гэх нам байгуулж, 2020 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан Ж.Батзандан мөн оны арваннэгдүгээр сард Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдон МАН-ын “бялуу”-наас хуваалцаж байсан билээ. Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албыг цөллөгтэй зүйрлэн суусан тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард эх орондоо бүрмөсөн ирсэн юм даг. Намраас нь түүнийг “Хөгжлийн банк” гэх дуулиант хэргийн яллагдагчаар тооцон шалгаж эхэлснийг зарим уншигч санаж буй нь лавтай.
“Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны санхүүгийн баримтууд, тэндээс дамжуулан зээл авсан аж ахуйн нэгжүүдээр зээлийг нь төлүүлэх ажиллагаатай холбоотойгоор Ж.Батзанданг түүний зөвлөх, ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүй гэх хүний хамтаар шалгаж буйг бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд манай сонинд ярилцлага өгөхдөө “УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан манай банкан дээр Г.Аюулгүй гэдэг туслахаа дагуулан ирж “Бид шударга үнэний төлөө явж байгаа, улс орноо хөгжүүлнэ, цаг сайхан болно”, “Төслөө хэрэгжүүлээд зээлээ найдвартай төлнө” гэх зүйл ярьж, би ч зээлийг нь судлахыг хариуцсан хүмүүстээ үүрэг болгож шийдвэрлэж байсан. Гэтэл нөгөө шударга үнэнийг бүтээх хүн маань авсан зээлээ төлөөгүй, эрх хүлээн авагчаас барьцаа хөрөнгөө суллуулж өөр тийш нь шилжүүлээд компаниа дампууруулсан байна.
Энэ зээлийг “Соёл” сауны замын эсрэг талд барьж байгаа орон сууцын төслөөс төлөхөөр гэрээ байгуулсан юм. Ж.Батзандангийн дампууруулсан компанийн авсан зээл 12.6 тэрбум төгрөг. Хэрэв зээлээ төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгө, дээр дурдсан орон сууцын төслөөс төлөгдөх атал хууль бусаар дампууруулснаас найдваргүй зээл болчихсон. Ингэх нь шударга уу, улс төрч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бүтээсэн “шударга үнэн” нь энэ юм уу. Тиймээс би АТГ-т гомдол гаргасан. Миний санаж байгаагаар Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нар гурван компаниар дамжуулж Хөгжлийн банкны санхүүжилтээс 17 орчим тэрбум төгрөгийн зээл авсан санагдаж байна” хэмээн онцолж байв.
“Капитал” банкныхан Хөгжлийн банкнаас 227.9 тэрбум төгрөг 92 аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлжээ. Түүнээс 54 тэрбум төгрөгөө аж ахуйн нэгжүүд төлөөгүй бөгөөд тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх, ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүйн авсан зээлүүд багтсан. Тэрбээр “Азийн бамбар” гэх компаниараа хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9 тэрбум шахам гээд нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авсан байдаг. Г.Аюулгүйн нэр дээрх компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон гэдэг.
Эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад өнгөрсөн сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Бидний авсан мэдээллээр Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө, Аж үйлдвэржүүлэлтийн бонд зэргээс босгосон мөнгийг “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байж. Үүнээс нь 2013 оны нэгдүгээр сард 4.5, долоодугаар сард долоо, 2014 оны арванхоёрдугаар сард 4.5 тэрбум төгрөгийн зээл дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийн нэрээр авсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батзандан, Г.Аюулгүй нар Хөгжлийн банкнаас “Капитал”-аар дамжуулан авсан зээлээ төлж дуусгасан гэнэ. НПГ-ын хяналтын прокурорууд тэдэнд холбогдох хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад, удахгүй шүүхэд шилжүүлэх биз ээ.
О.МАГНАЙ, Э.БОЛОРЧУЛУУН, ХУРАНДАА Б.ЦОГЖАРГАЛ ТЭРГҮҮТНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДСЭНГҮЙ
ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 22-нд хэлэлцэхээр товлосон юм. Гэвч шүүгч Б.Батсайхан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргажээ. Уг нь НШШГГ-ын албан тушаалтнуудын хэргийг 2021 онд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа гол зохион байгуулагч О.Магнай тэргүүтнийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай гэж байсан юм.
Өөрөөр хэлбэл, О.Магнай хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсний улмаас шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар, шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн, иргэн С.Отгонжаргал (О.Магнайгийн ээж)-ын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад энд нэр дурдсан хүмүүс албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогдсон билээ. Шийдвэр гүйцэтгэгч нар 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан, Баянгол дүүргийн нутаг дахь 11 давхар объектыг хураан авч 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн хэмээн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан дөрвөн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцоод буй.
Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн юм билээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Дарханцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм.
Харин Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон гэх хэрэгт холбогдсон. Мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох хуулийн заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг 12 649 болгон нэмэгдүүлж, газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан олон үйлдэлд холбогдон яллагдагчаар татагдсан юм.
Уг нь Э.Болорчулууныг тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэг, Ц.Шижир нартай хамт 2019 оноос эхлэн шалгасан. Анх тэднийг иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татаж байв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаас хойш багагүй хугацаа өнгөрч, эцэстээ О.Магнай нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон аж. Харамсалтай нь, шүүх эл хэргийг шийдсэнгүй.